“ByteDance” интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-13 14:58:03

БЭЭЖИН. /Business Insider/. Богино хэмжээний дүрс бичлэг хийж байршуулдаг “TikTok” хавсралтыг эзэмшигч “ByteDance” компани БНХАУ-д интернэт хайлтын шинэ системээ танилцуулжээ. Ингэснээр тус компани нь “Baidu” компанийн монопол байдлаа хадгалсаар ирсэн салбарт нэвтэрч байна.


Бээжин хотод төвтэй “ByteDance” компани нь мэдээ мэдээлэл болон дүрс бичлэгийн үндсэн салбараас ажлын байранд зурвас солилцох, хөгжмийн стриминг зэрэг салбарт хөл тавьснаар “Tencent” тэргүүтэй Хятадын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад компанитай өрсөлдөж эхэлжээ.


Toutiao Search” нэртэй интернэт хайлтын шинэ систем нь “ByteDance” компанийн олон хэрэглэгчтэй хавсралтуудын нэг болох “Jinri Toutiao” мэдээний хавсралтад байрлах ажээ. “ByteDance” компани интернэт хайлтын систем дээр ажиллах хүмүүсийг ажилд авах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн сард мэдэгдэж, тус компанид “Google”, “Baidu”, “Bing” компанийн мэргэжилтнүүд ажилд орсон байна.


ByteDance” компанийн мэдээлснээр, “Toutiao Search” хайлтын систем нь компанийнхаа хавсралтуудын контентыг хэрэглэгчдэд санал болгох ажээ. Мөн “Toutiao Search” нь Хятадын бусад хайлтын системтэй адил хянан шалгасан үр дүнгүүдийг хэрэглэгчдэд харуулах юм байна.


Хятадын интернэт хайлтын салбарт “Baidu” 2010 оноос хойш монопол байдлаа хадгалж ирсэн бөгөөд 2018 оны тооцоогоор нийт компьютерын хайлтын 66 хувийг, гар утасны хайлтын 71 хувийг “Baidu” эзэлж байжээ. 

Холбоотой мэдээ