Орон сууц барина гэж иргэдээс 260 сая төгрөг аваад сураггүй алга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-05 23:34:06

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд нь долоо хоног бүрийн Баасан гарагт иргэдийг хүлээн авч уулздаг. Энэ удаагийн уулзалтаар нийт 30 гаруй иргэдийг хүлээн авч санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр “Говь яшил” ХХК-т залилуулсан гэх иргэдийн асуудал анхаарал татав. Тус компани нь Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр дэхь “Олон улсын худалдааны төв”-ийн ойролцоо 9 давхар орон сууцны байр барина хэмээн хоёр жилийн өмнө захиалга авах үедээ 24 иргэний 260 сая төгрөгийг авсан боловч барилгын ажлаа зогсоогоод сураггүй алга болжээ. Байр захиалсан иргэд хуулийн байгууллагад хандсан ч өнөөг хэр нь тодорхой шийдвэр гарахгүй байгаа аж. Үүний цаана олон хүний амьдрал байгаа тул энэ асуудалд аймгийн Засаг даргаас анхаарал хандуулж өгөхийг хүслээ. Аймгийн Засаг дарга А.Энхболд энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж хуулийн дагуу аль болох түргэн шийдвэрлэхэд анхаарал тавина гэв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ