Аварга тотины яс олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-09 10:15:05
Yesukheitumur Tumurbaatar

ВЕЛЛИНГТОН. /BBC/. Одоогоос 19 сая жилийн өмнө амьдарч байсан нэг метр өндөртэй аварга тотины ясыг Шинэ Зеландаас олсон тухай “Biology Letters” сэтгүүл пүрэв гарагт мэдээлжээ.


Аварга тотийг Шинэ Зеландын өмнөд нутгийн Отага мужийн Сент-Батхан хотын ойролцоогоос олжээ. Тотины яс дундаж өндөртэй хүнээс өндөр байжээ. Өнөөгийн ихэнх шувуудаас ялгаатай нь аварга тоть нисч чаддаггүй, махчин шувуу байсан гэж тус мэдээлэлд дурджээ. 


“Энэхүү яс урьд өмнө олдож байсан тотины яснаас хоёр дахин илүү хүнд жинтэй. Мөн дэлхий дээр өөр хаана ч ийм том хэмжээтэй тоть байгаагүй” гэж Австралийн Флиндерс их сургуулийн эрдэмтэн Тревор Уорти “ВВС” сувагт ярилцлага өгөхдөө хэлэв. 


Аварга тотины яс олдсон Сент-Батхан хот нь 5.3-аас 23 сая жилийн тэртээх Миоцений эрин үед хамаарах чулуужсан олдворуудаараа алдартай газар юм.

Холбоотой мэдээ