Ан Сан Су Чи сайдын дөрвөн суудлын хоёрыг нь хадгалж үлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-05 17:04:15

БАНГКОК. /TASS/. Мьянмар улсын хууль тогтоох байгууллага /парламент/ өнөөдөр тус улсын Боловсрол болон Эрчим хүчний сайдыг шинээр томилох тухай тогтоолыг баталлаа. Эдгээр албан тушаалыг өмнө нь эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний холбоо /АТҮХ/ намын дарга Ан Сан Су Чи хашиж байсан  юм.

Мьянмар улсын Парламентын хэвлэлийн албанаас мэдээлснээр, Боловсролын сайдаар Мио Тейн Зи томилогдсон бол Эрчим хүч, цахилгаанжуулалтын сайдын албыг Пе Зин Тун хашихаар болжээ. АТҮХ намаас сонгогдсон депутатын санаачилгаар Мьянмарын Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна. Дээрх яамдыг урьд нь Ан Сан Су Чи тэргүүлж байсан юм. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсны дараа тэрбээр Гадаад хэргийн сайд болон Ерөнхийлөгчийн тамгын газрын албаны даргын албыг хашсан хэвээр байх юм.

Мьянмарын парламент мөн улс төрийн зөвлөхийн албан тушаалыг шинээр бий болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа аж. Ажиглагчдын үзэж байгааргаар, энэ нь Су Чигийн “ерөнхийлөгчөөс дээгүүр байх” гэсэн эрмэлзлийг нь албан ёсны болгох зорилготой гэнэ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ