Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-06 13:57:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног тохиож байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагууд “Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” уриалга гаргажээ. 



Жил бүрийн найм дугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг 170 гаруй орон тэмдэглэдэг. Монгол Улс 1992 оноос хойш жил бүр өөр өөрийн гэсэн онцлог агуулсан уриатайгаар тус өдөрлөгийг зохион байгуулж байна. 


НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулдаг тус өдөрлөг өмнөх жилүүдэд эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар дээшлүүлэх зорилготой байсан. Тэгвэл энэ жил олж авсан мэдээллээ нийгэмд түгээх, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор Одонтой ээжүүдийн групп, Аавуудын групп болон ахмад настан, залуу үеийн төлөөлөлтэй хамтран ажиллажээ.



НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Ж.Баясгалан, “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дан ганц ээжийн ажил биш. Тэдэнд аав нар, гэр бүл, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, цаашлаад ажил олгогч, хууль тогтоогчдын дэмжлэг хэрэгтэй. Аав, ээж хоёрт нь цалинтай чөлөө олгох, чанартай эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, хүүхдээ эхийн сүүгээр хооллох завсарлага, тусгай өрөөг ажлын байранд бий болгох зэрэг гэр бүлд ээлтэй бодлогыг төр болон ажил олгогч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр, хүүхдийн хөгжлийн чухал үед эхийн сүүгээр таслахгүй байх ач холбогдолтой” гэв. 



Эхийн сүү нь хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчний эсрэг дархлаажуулалт, хорт хавдар, чихрийн шижин зэрэг олон өвчнөөс сэргийлдэг байна. Нялхсын 50 хувь нь төрсний дараах зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллодог байна. Харин хоёр хүртэлх насны хүүхдийн 46 хувь нь эхийн сүүгээр хооллодог гэсэн үзүүлэлт байдаг аж. Энэ нь маш бага тоо ба үүнийг мэргэжилтнүүд эхийн сүүгээр хооллох нярайн тоо буурах болсон шалтгааныг гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импортын хэмжээ их, нийгмийн ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхчүүд төрсний дараа ажилдаа шууд эргэн орохоос өөр аргагүй байдалтай холбон тайлбарлаж байна. 

Ш.Мөнхбаяр





Холбоотой мэдээ