Г.Занданшатар: Иргэд ахуйгаа сайжруулахын тулд санал бүрээ илэрхийлэх нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-01 10:29:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийж байна. Энэ хүрээнд өчигдөр Өлзийт сумын "Зуслангийн өдөрлөг"-т оролцож, иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсов.



Тэрбээр танилцуулгадаа, 1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн гэдгийг тодотгоод,  Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон гэдгийг тэмдэглэв. Сүүлийн хоёр жил эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэдийн саналыг авч боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 18 намын удирдлага дэмжиж байгааг уламжиллаа. 



Тэрбээр, "Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах юм. Ардчилал гэдэг бол “ардын засаг” учраас хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг ирээд байна. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоотой байж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээв.



Энэ үеэр иргэд хуулийн төсөлд сумын Засаг даргыг ард иргэд сонгодог болж буй зохицуулалтын талаар тодруулав. УИХ-ын дарга Г.Занданшатар хариулахдаа, "Ингэж зохицуулснаар, сонгогдсон сумын Засаг дарга төв Засгийн газраа сонсохгүй, тусгаарлаад байх эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол бий. Тэгвэл ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалтыг төсөлд мөн тусгасан" хэмээн тайлбарлав.


Тэрбээр цааш нь ярихдаа, "Сумын Засаг дарга нарын хувьд, ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь нэн төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөхийг хүсдэг. Манай тогтолцооны гол гажуудлыг засаж, хэсэг хүмүүсийн шахалтаас ангид, шат шатны гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой, ард олны төлөө ажиллах боломжийг бүрдүүлэхээр төсөлд зохицуусан" гэв. 

 


УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Баянхонгор аймгийн Жинст суманд ажиллана.

Холбоотой мэдээ