Клинкерийн үйлдвэр байгуулснаар орон нутагт цементийн үнэ буурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-31 11:46:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн "Өлгий цемент" компани 2016 оноос Өлгий хотод цементийн үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд үйлдвэрийн эхний хэсгийг ашиглалтад оруулж, энэ долоо хоногоос бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхэлжээ.

Баян-Өлгий аймагт Улаанбаатар хотоос тээвэрлэж буй нэг шуудай /50 кг/ цемент 15-16 мянган төгрөгөөр зарагддаг. Харин "Өлгий цемент" компани бүтээгдэхүүнээ 14 мянган төгрөгөөр борлуулж байна. Цементийн үнэ өндөр байгаа нь гол түүхий эд болох клинкерийг Улаанбаатар хот болон БНХАУ-аас зөөж байгаатай холбоотой аж.

Тиймээс ирэх наймдугаар сарын 15-наас клинкерийн үйлдвэр барих ажлыг эхэлнэ гэж компанийн менежер М.Тилеуберди хэлэв.

Түүний тайлбарласнаар үйлдвэрийн захиалгыг БНХАУ-д тавиад байгаа бөгөөд нийт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босох аж. Харин үйлдвэр ашиглалтад орсноор цементийг  9-10 мянган төгрөгөөр борлуулах боломж бүрдэх гэнэ.

 Үйлдвэр нь цагт 40 тонн, жилд 150-200 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Баян-Өлгий аймгийн цементийн жилийн хэрэгцээ 75-80 мянга орчим тонн гэж тооцоход ирэх жилээс үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар баруун гурван аймгийг бүхэлд нь хангах боломж бүрдэнэ.  

Холбоотой мэдээ