Баруунтуруун сумын 60 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-25 14:44:36

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сум байгуулагдсаны 60 жилийн ой, тус суманд газар тариалангийн үйлдвэрлэл үүсч хөгжсөний 90 жилийн ойн баяр наадам  долдугаар сарын 24-нөөс 25-нд тус болж байна.

Баруунтуруун сумынхан түүхт ойгоо угтаж айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн бүр хөдөлмөрлөж, сумынхаа бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцжээ.

Баруунтурууны тариалангийн талбайд ажиллаж байсан техник болох "ДТ 75" тракторын хөшөөг Гаадан овогтой Цээпилдоржийн хань, үр хүүхдүүд босгосон аж. Хөшөөг "Хонхор байц" ХХК-ийн хамт олон бүтээн босгож ойн баярын өдөр нээлтийг нь хийв.

Өнөөдөр тус сумын 60 жилийн ойн баярын арга хэмжээ үргэлжилж байгаа бөгөөд “Дурсгалт нутаг” уран зураг, фото зургийн үзэсгэлэн, үндэсний сурын харваа, баярын хурал, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан тэмцээн уралдаан болж байна.

Баруунтурууны сангийн аж ахуй одоогоос 60 жилийн өмнө үүсч байгуулагдсан бөгөөд энд баруун таван аймгийг гурил, тэжээлээр хангадаг томоохон үйлдвэр ажиллаж байсан.

Тус сумаас Олимпийн мөнгөн медальтан Д.Сумъяа, хүрэл медальтан Х.Цагаанбаатар, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат зэрэг спортын алдартнууд төрсөн байдаг.

 

Холбоотой мэдээ