Унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг 100 мянган төгрөгөөр тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-24 11:43:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Алтай Таванбогд" баруун бүсийн хурдан морины зуны уралдаан долдугаар сарын 27-ноос 28-нд Баян-Өлгий аймагт болно.

Хурдан морины уралдаантай холбогдуулж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус аймагт үйл ажиллагаа явуулдаг даатгалын компаниудын төлөөлөлтэй уулзаж, унаач хүүхдүүдийн гэнэтийн ослын даатгалын асуудлыг хэлэлцжээ.

Хурдан морины уралдааны явцад унаач хүүхдүүд унаж гэмтэл авах, бэртэх асуудал байнга гардаг. Тухайлбал, хэд хоногийн өмнө болсон Сагсай сумын 60 жилийн ойн баярын уралдаанд нэг хүүхэд мориноос унаж, одоог хүртэл ухаан ороогүй эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.

Унаач хүүхдүүд 15 мянган төгрөгөөр амь нас, эрүүл мэндээ даатгуулсан гэнэ. Тиймээс цаашид хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг 100 мянган төгрөг болгож, нөхөн олговрыг 20 сая төгрөг байхаар тогтжээ.

Мөн уяачдын гал дээр очиж морь унаач хүүхдүүдийг MNS6264:2018 стандартад заасан хамгааллын хувцас, морины хэрэгслээр иж бүрнээр хангаж уралдаанд оролцуулах талаар санамж бичиг хүргүүлж буй.

Холбоотой мэдээ