Төрийн гурван өндөрлөг соёолонгийн уралдаан сонирхов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-12 14:28:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдааныг  Хүй долоон худагт Төрийн гурван өндөрлөг буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар үзэж сонирхов.  


Соёолонгийн уралдааны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд соёолон хурдалж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олныг баясгасан юм. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, С.Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Ч.Махбалын хүрэн ажнай тодров. Харин айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач С.Нямжавын сартай хээр, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ хурдалж, торгон жолоо өргүүлсэн юм. 


Төрийн гурван өндөрлөгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Я.Санжмятав, Я.Содбаатар тэргүүтэй  УИХ, Засгийн газрын гишүүд дагалдав.

Холбоотой мэдээ