“Дээлтэй Монгол-2019” наадам Баянгол дүүргийнхний жагсаалаар эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын их баяр наадмын өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” компаниас зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам Д.Сүхбаатарын талбайд яг одоо болж байна.
Монголчуудын уламжлалт
соёл, түүний дотор үндэстэн ястаны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн
биет болон биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй
Монгол” наадмыг жил бүр Улсын их баяр наадмын өмнө уламжлал болгон зохион
байгуулдаг юм. Энэ жилийн “Дээлтэй Монгол-2019” наадам нийслэлийн Баянгол
дүүргийнхний жагсаалаар эхэллээ.
Наадмыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нээж хэлсэн
үгэндээ, Монгол түмний өв соёл, язгуур урлал, уламжлал, оюун санааны
илэрхийлэгч Монгол дээл хувцсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Дээлтэй
Монгол” наадам дэлхийд данстай, Монголын соёл урлагийн томоохон үйл ажиллагаа
болон өргөжин дэлгэрэхийг ерөөсөн юм.
Энэ жилийн наадмаар үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд гараад байна.
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар зохиож буй “Дээлтэй Монгол-2019” наадам энэ жил 13 дахь удаагаа болж 10 гаруй мянган хүн оролцохоор бүртгүүлжээ.
Б.Болд
Гэрэл зургуудыг Н.Батбаяр