“British Airways” компанид 183 сая еврогийн торгууль оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2019-07-08 16:42:59
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /ВВС/. Өнгөрсөн онд мэдээллийн аюулгүй байдлыг хангахад томоохон зөрчил гаргасан “British Airways” компанид 183 сая еврогийн торгууль оноосон байна.


Мэдээллийн комиссарын газрын энэхүү торгууль, шийдвэрт "гайхаж, сэтгэл дундуур" байгаагаа “IAG” группийн эзэмшдэг тус компани илэрхийлжээ. Харин Мэдээллийн комиссарын газрын мэдэгдэлд дурдсанаар, тус компанид оногдуулсан торгууль нь урьд өмнө байгаагүй хамгийн өндөр бөгөөд шинэ журмын дагуу шийтгэлийг олон нийтэд зарлан танилцуулсан ажээ.


Өнгөрсөн онд буюу мэдээлэл алдагдах үед “British Airways” компани, хакерууд манай цахим хуудсанд ноцтой халдлаа гэж мэдэгдсэн юм.


Шинэ журам


Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Мэдээлэл хамгаалах ерөнхий журам нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах дүрэм журамд сүүлийн 20 жилийн хугацаанд хийгдээгүй хамгийн том өөрчлөлт юм. Уг шинэчилсэн журмаар торгуулийн дээд хэмжээг тухайн байгууллагын нийт гүйлгээний үнийн дүнгийн 4 хувь болгож өсгөжээ. “British Airways” компанид ногдуулсан торгууль нь тус компанийн 2017 онд дэлхий даяар хийсэн нийт гүйлгээний 1.5 хувьтай тэнцэж байна.


Өмнө нь “Cambridge Analytica” компанийн мэдээлэл алдагдсан тухай асуудалд оролцсон хэргээр “Facebook” компани 500 мянган еврогийн торгууль хүлээж байсан нь хамгийн өндөр байсан юм.


Холбоотой мэдээ