Боливын мэргэжилтнүүд үл мэдэгдэх вирусийн төрлийг тогтоож чаджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2019-07-05 15:53:23

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Болив улсын хоёр иргэн халдварыг нь авч нас барсан үл мэдэгдэх аюултай вирусийн төрлийг мэргэжилтнүүд тогтоожээ. 


Боливын Эрүүл мэндийн сайд Габриела Монтаньогийн мэдээлснээр, мэргэжилтнүүд хяналтад байгаа өвчтөнүүдэд илэрсэн шинж тэмдгүүдэд дүн шинжилгээ хийснийхээ дараа энэ нь аренавирус болохыг тогтоожээ. Болив болон АНУ-д хийсэн лабораторийн шинжилгээнүүд энэ дүгнэлтийг нотолсон байна.


Уг вирусийн халдварыг авч нас барсан анхны хүн нь Ла-Пас мужийн Каранави хотын оршин суугч, хижээл насны эрэгтэй аж. Түүнийг эмчилж байсан дадлагын эмч мөн халдвар авч нас баржээ. Дараа нь дахин хоёр эмчид халдварласан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа аж. Үүнээс гадна, уг вирусийн халдвар авсан байж болзошгүй өөр гурван хүн эмчийн хяналтад байна.


Ареанавирусийн халдварыг тараагч нь мэрэгч амьтад аж. Түүнчлэн халдвартай хүний цусаар, биеийн шингэнээр, мөн эрхтэнд шууд хүрэлцэхэд дамжин халдварладаг байна. Халдвар авсан тохиолдолд халуурах, булчин, толгой өвдөх, мөн хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрдэг аж.  


Тийм ч хурдан халдварладаггүй учир халдварын тохиолдол илэрсэн үед сандарч тэвдэхгүй байхыг Боливын Эрүүл мэндийн яам иргэддээ уриалсан байна. Уг вирус нь гадаад орчинд хурдан үхэж байгааг тус яамны мэдээлэлд онцолжээ. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ариун цэврийг сахиж, гараа сайтар угаахыг Боливын Эрүүл мэндийн яам уриалсан байна. 

Холбоотой мэдээ