Монголын залуус Эрхүү мужийн иргэдэд тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-07-04 15:11:00

УЛААНБААТАР. /TASS/. Монголын залуус ОХУ-ын Эрхүү мужид идэвхтэй дэмжлэг үзүүлж, үерийн гамшгийн уршгийг арилгахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо гэж Улаанбаатар хот дахь ОХУ-ын Элчин сайдын яам /ЭСЯ/ мэдээлжээ.


"Энэ зорилгоор үерийн улмаас хохирсон хүмүүст дэмжлэг үзүүлэх буяны ажиллагаа зохион байгуулж байна. Гадаадын их, дээд сургуулиудыг төгссөн монгол залуучуудын хамтарсан зөвлөл ийм арга хэмжээ зохион байгуулах санаачилга гаргаж, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад оршин суугаа нутаг нэгтнүүдийн хэрэг эрхлэх болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан Холбооны улсын агентлагийн /Россотрудничество/ төлөөлөгчийн газарт хандсан” гэж ЭСЯ-ны ажилтан мэдээлсэн байна. Уг санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлсэн байна.


Оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтны мэдээлснээр, Эрхүү муж руу илгээх хандивын мөнгө, эн түрүүнд шаардлагатай зүйлс, хүнсний бүтээгдэхүүнүүд, дулаан хувцас цуглуулж эхэлснийг Монголын эрх баригчид хэдийнэ мэдэгджээ. Мөн Эрхүү мужийн үерт автсан дүүргүүдээс 100 хүүхдийг урих шийдвэрийг Ерөнхийлөгчийн түвшинд гаргасан байна. Эдгээр хүүхдийг долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Монголын хамгийн шилдэг зуны зуслангуудад амрааж, тус улсын соёл болон түүхэн дурсгалт газруудтай танилцуулахаар болсныг мэдээллээ.


ОХУ-ын Онцгой байдлын газрын мэдээллээр, зургадугаар сарын 25-наас хойш Эрхүү мужийн зургаан районы 98 суурин усанд автжээ. Үерийн улмаас 20 хүн амиа алдсан бөгөөд 15 хүн сураггүй болсонд тооцогдож байна. Түүнчлэн 221 хүн эмнэлэгт хүргэгдсэний 41 нь хүүхэд байжээ. Нийтдээ 1415 хүн эмнэлгийн тусламж хүссэн байна.


Холбоотой мэдээ