Мадуро удахгүй сайн мэдээ дуулгахаа амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-03 10:36:24

КАРАКАС. /TASS/. Сөрөг хүчний зарим төлөөлөгчтэй урьдчилсан тохиролцоонд хүрснийг эрх баригчид ойрын долоо хоногуудад мэдэгдэнэ гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мягмар гарагт мэдэгджээ.


“Сөрөг хүчний аль ч удирдагч болон төлөөлөгчидтэй улс төрийн яриа хэлэлцээ хийхэд бидний үүд хаалга нээлттэй бөгөөд энэ чиглэлд ч мөн бүх зүйл сайн байна. Харилцаа холбоо, хэлэлцээ хэр сайн явагдаж байгаа, түүнчлэн сөрөг хүчний янз бүрийн төлөөлөгчтэй урьдчилсан тохиролцоонд хүрсэн талаарх сайн мэдээг удахгүй дуулгана” гэж Мадуро ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгдсэнийг Periscope интернэт үйлчилгээний суваг шууд дамжуулав.


Мадурогийн хэлснээр, Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчний хооронд хийх хэлэлцээг Осло хотод зохион байгуулах Норвегийн эрх баригчдын санаачилгыг Каракас дэмжсэн хэвээр байгаа аж.


Харин Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо урьд нь мэдэгдэхдээ, түүнийг дэмжигчид нь Ерөнхийлөгч Николас Мадурогийн төлөөлөгчидтэй хийх хэлэлцээнд дахин оролцох бодолгүй байна гэжээ. Тэрбээр яриа хэлэлцээг энэ долоо хоногт сэргээнэ гэх мэдээллийг хий хоосон төсөөлөл гэсэн байна.


Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэн Норвегийн Засгийн газрын зуучлалтайгаар Осло хотноо хоёр ч удаа шууд бус хэлэлцээ хийжээ.


Холбоотой мэдээ