Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэж байсан 1500 орчим тамга байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-04-01 13:48:45

Монголын Үндэсний Музейгээс 2016 онд монголчуудын уламжлалт соёлын өвөөс цуврал үзэсгэлэн гаргаж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн сард “Хөөрөг даалин” үзэсгэлэнг нээсэн бол өнөөдөр “Монгол тамга” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Үзэсгэлэнг нээж тус музейн захирал Д.Сүхбаатар хэлэхдээ, “Аливаа улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын бэлгэдэл, төрийн бодлого үйл ажиллагааны батламж болдог тамга, түүнийг судлах нь түүхэн үйл явдлыг баримтаар нотлох ихээхэн ач холбогдолтой. 1971 онд Улсын Архивын хэрэг эрхлэх газрын харьяа Түүхийн төв архиваас тухайн үеийн Хувьсгалын музейд 1000-аад тамга шилжүүлсэн байдаг. Энэ үеэс Монголын Үндэсний музей тамганы тусгай сан хөмрөгтэй болсон түүхтэй. Юань гүрнээс хойш Чингис хааны  үе залгамжилсан хаадуудын илгээж байсан ил захидал, түүнд дарсан дардсыг нь нэн эртний төрийн тамгад тооцож байгаа. Түүнээс гадна Богд хаант Монгол улсын үеийн төрийн тамга байна. Соёмбо үсгийг хэрэглэснээс хойшхи төрийн тамганы хэв шинжийг одоогийн тамга залгамжилж авсан. Тиймээс монголчуудын өв соёл, тусгаар тогтнолын баталгаа болсон тамгыг цаашид судлах судлаачдыг бэлтгэх хэрэгтэй” гэв.

Үзэсгэлэнд дундад эртний үеэс XX зууны эхэн үед холбогдох үе үеийн Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэж байсан  нийт 1500 орчим тамга, тэмдгээс судалгааны ач холбогдол, үзэгчдэд таашаал өгөх өнгө үзэмж зэргийг харгалзан 100 гаруй тамгыг сонгон дэлгэжээ. Тухайлбал, Их Юань улсын аялан явах цэргийн мянганы ноёны газрын тамга, Монгол Улсын элчин харилцаанд холбогдох тамганууд, Нийслэл Хүрээний голын чойжон сахиусны хувраг тушаалтныг захирах тамга зэрэг олон сонирхолтой түүх өгүүлэх тамганууд багтаж байна.

Мөн маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан эд зүйлс гарын тэмдэг, лацны хамт, үзэг лацны сав, хаш чулуун суурьтай тэмдэглэлийн дэвтэр үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа. Монгол бичгээр “Чойбалсан” хэмээн бичсэн, төмөр гарын үсгийн тэмдэг, морины дүрс бүхий бариултай, “МНЧ” гэсэн 3 үсэгтэй, ган гар хийцийн лацны тэмдэг нь нэг иж бүрдэл болон хадгалагдаж буй юм.

Хувь хүний баталгааны тэмдэг болох энэхүү гарын тэмдэг нь XX зууны дунд үеийн түүхэнд эерэг сөрөг талаараа дэнслэгдэн бичигддэг, идэр залуу 23 наснаасаа насан өөд болтлоо Монголын төрд зүтгэсэн маршал Х.Чойбалсангийн талаарх судалгаанд чухал ач холбогдолтой юм.

Тамга нь тухай нийгмийн харилцаа хөгжлийн онцлог, бичиг соёлыг өөртөө тусгаж байдгаараа онцлогтой. XIII зууны үеийн төрийн тамга нь уйгаржин монгол, Юань гүрний үед олон үндэстэн ястныг хураан захирах зорилгоор зохион хэрэглэсэн дөрвөлжин үсгээр, Манжийн эрхшээлийн үед Монголын засаг захиргааны тамга нь манж, монгол бичиг бүхий бичээстэй болон өөрчлөгдөж байжээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн төрийн хаш тамгыг соёмбо эбам бүхий уйгаржин монгол, дөрвөлжин үсгээр, засаг захиргааны байгууллагууд нь дундаа соёмботой уйгаржин монгол бичээс бүхий тамга хэрэглэж ирсэн нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаар бий болсон Ардын засгийн газар, түүний дараах БНМАУ-ын төрийн тамганд ч уламжлан иржээ.

Харин 1940 онд баталсан Үндсэн хуулинд улсын сүлдийг өөрчилсөнтэй холбогдон Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны 11-р сарын 16-ны 63 дугаар тогтоолоор тамга нь дугуй хэлбэртэй болсон байдаг. Үүний дараагаар 1946 оны 1-р сарын 1-нээс эхлэн БНМАУ-ын төрийн хэрэг хөтлөх бичиг нь крилл бичиг болж өөрчлөгдсөнөөр тамгыг шинэчлэн, тамга, тэмдэгний бичээсийг крилл үсгээр бичдэг болжээ.

Монголчуудын соёлын өвөөс толилуулж буй уг үзэсгэлэн энэ сарыг дуустал олны хүртээл болно.

Дашрамд мэдээлэхэд, тус музейгээс ирэх зургадугаар сард “Монголчуудын өв соёл:Монгол нум”, долдугаар сард “Монголчуудын адууны соёл” үзэсгэлэнг тус тус толилуулахаар төлөвлөжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ