Ш.Адьшаа:Галдан бошигт хааны түүхийг шинэчлэн судлах цаг болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-26 20:47:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Сургууль, тус сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гаас хамтран Галдан бошигт хааны мэндэлсний 375 жилийн ойд зориулж “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн номын санд зохион байгуулж байна.

Хуралд академич, Төрийн шагналт Д.Цэрэнсодном, ШУ-ны гавьяат зүтгэлтэн профессор, зурхайч судлаач Л.Тэрбиш, Ардын уран зохиолч Т.Галсан Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Ламын гэгээний наймдугаар дүр Лувсанданзанжамцан, гавьяат эдийн засагч Н.Дамба, судлаач, доктор Д.Баяндалай, гавьяат багш Л.Норолхоосүрэн, Х.Пүрэвдагва нарын олон эрдэмтэн, судлаач оролцлоо. Монголын улс төр, цэрэг, шашин, тусгаар тогтнолын түүхэнд томоохон ул мөртэй түүхэн гавьяа байгуулсан  хүмүүний нэг  Ойрадын Галдан бошигт  хааны түүхийг судлах, шинэ сэргэг мэдээ мэдээллийг нээн илрүүлэх, тухайн цаг үед түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь бодитоор үнэлэх, түүний үйлс зүтгэлийг хойч үедээ өвлүүлэх чиглэлээр  эрдэмтэд илтгэл тавив.


Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн, өнөөдрийн хурлыг санаачлан ивээн тэтгэгч, “Галдан бошигт” номыг зохиогч,  хуульч, сэтгүүлч Ш.Адьшаа:

-Монголын газар шороо, тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан энэ түүхэн хүний үйл хэргийг энэ цаг үед үргэлжлүүлэх, гүйцэтгэсэн үүрэг нь Монголын улс төр, эдийн засаг, гадаад харилцаанд ямар нөлөө үзүүлснийг бид түүхэн бодит судалгаа эх сурвалжуудад үндэслэн бичиж хойч үедээ ойлгуулах үүрэг хүлээж байгаа. Миний бие 2006 онд Тулгар төрийг байгуулсны 800 жилийн ойд зориулж “Галдан бошигт” гэх уран сайхны нийтлэлийн ном бичсэн. Энэхүү нийтлэлээ дахин шинэтгэж олон нийтэд хүргэж байгаадаа баяртай байна. Энэ бүтээлээ зөвхөн эрдэмтэн судлаачдын бүтээл дээр тулгуурласан хөрөг найрууллын хэлбэрээр бичлээ. Галдан бошигт хааны түүхэн үйлийг зөв үнэлж, дүгнэх цаг болсон. Галдан бошигт байхгүй байсан бол Өндөр гэгээн, Ламын гэгээн нар байхгүй байх байсан. Энэ гурван хүний түүх бол Монголын түүх. Үүнийг бид зөв голдиролд оруулж чин үнэнийг шинжлэх ухааны түвшинд тодорхойлж шийдэх ёстой. Өнөөдөр бид тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө тэмцэж байсан түүхэн хүмүүсийнхээ амьдрал, алдар гавьяаг дурсаад өнгөрөх биш, үр шимийг нь хойч үедээ өвлүүлэн, зөвхөн  үнэнийг нь  ойлгон мэдүүлэх учиртай. Иймээс би номоо уншдаг, сонсдог хэлбэрээр хослуулан  олон нийтийн хүртээл болгож байна.

 

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор, зурхайч судлаач Л.Тэрбиш:

-Галдан бошигт  хааны 375 жилийн ойг тэмдэглэсэн энэ хуралд би их таалалтай байна. Галдан хаан бол шашин, төрийг хослуулсан их том бодгаль хүн юм. “Ном ертөнц бол нуруугаараа нийлдэг өврөөрөө нийлдэггүй үхсэн амь шиг” гэж үг бий. Харин  Галдан хаан  бол ном ертөнц  хоёрыг нийлүүлсэн түүхч, эх оронч хүн юм. Галданбошигт хааны бүхий л үйл хэрэг нь  Монголын тусгаар тогтнол, гал голомтыг бадруулахын тухай байдаг. Монголчууд газар газар сарниж бутарч байсан цаг үе бол 1688 оны “Хүрэн бэлчээр”-ийн чуулганы үе юм. Уг чуулганыг манжууд зохион байгуулсан байдаг. Баруун Монголын өтгөс бол “Битгий оч” гэж сануулж байсан. Учир нь, “Хүрэн” гэдэг цус урсахын бэлгэ, “Бэлчээр” гэдэг бол салж  тусгаарлахын бэлгэ гэж үзэж байсан. 1911 онд олон монголчууд нийлж туурга тусгаарласан нэг гэр бүл боллоо. Түүхэн бодгалиудын  гавьяа болон гэм хэргийг нь  адилаар  үзэж байх хэрэгтэй. Миний гонсойж явдаг нэг зүйл бол “Өндөр гэгээн богдын ой”-г  олон улсын хэмжээнд тэмдэглэдэг атлаа Галдан хааныг нэг хэсэг үгүйсгэн хараасан. Миний хувьд, их хаантны найрамдлын овоо, их хаантны бумбыг сахиж байсан хамгийн сүүлийн отгийн гаралтай хүн юм. Хаантны хамгийн сүүлчийн үг бол “Өндөр гэгээн Занабазар Манжид дагаар ороод би тэсэж тэвчилгүй хэлмэгдээд олон монголчууд цусаар будагдлаа. Миний энэ цэрэг зэвсгийг Цамбагаравт залан үүнээс хойш бүү эвдэр” гэж хэлж байсан юм. Түүнийг би сахиж байсан хүний хувьд, үүнээс хойш улам эвтэй  найрамдалтай байх хэрэгтэй гэж хэлмээр байна.

 МУБИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор На.Сүхбаатар:

- Ойрадын Галдан бошигт хаан Халхын Түшээт хан Чахундорж, Жавзандамба хутагт нартай эв муудаж,1688 онд Халхын нутагт цэргийн хүчээр цөмрөн орж халхчуудыг уулгалж, Түшээт хан Чахундорж, Жавзандамба тэргүүтэй язгууртнуудын хойноос нэхэмжлэн явсаар 1690 оны намар билгийн улирлын найман сарын эхээр Улаанбуданд Манжийн цэрэгтэй байлдаж нэлээд хүнд байдалд орсон. Манжийн цэргийг удирдаж буй Элбэг чин ван Фучуан болон их агь, ван, сайдуудад элч томилон хэлэлцээр хийж, “Төр нийлмүй” хэмээн хууран, хол очиж сууж хааны зарлигийг хүлээ хэмээн сэнхрүүлээд тэдний цэргээс мултран гарч байсан түүхтэй.


·    ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн археологийн мэдээллийн сангийн, авран хамгаалах салбарын эрхлэгч, доктор Ч.Амартүвшин:

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгаар дайрч өнгөрөх Ховд гол болон түүнд цутгах Улиастай гол, Сүлжээ голын сав хөндийд хийсэн археологийн хайгуул судалгааны үр дүнд нутгийнхан “Ааюу” хэмээн нэрлэдэг, дотор тал нь өндөр хэмд халж ямар нэг зүйл шатааж байснаас үүдэн хөө тортог болсон нэг төрлийн зуухны 21 ширхэг үлдэгдлийг илрүүлсэн юм.


·      Ховд их сургуулийн түүхийн тэнхимийн багш, доктор Г.Пүрэвдорж:

    -1887 онд Сайнцак Юмов бээр бичсэн “Сэлэнгийн монгол-буряадууд тухай түүхэ бэшэгые” бүтээлдээ Халх Ойрадын дайны үед хэсэг бусаг дайжин хойш нүүж Сэлэнгийн буриадууд дунд орж холицолдон суусан. Эдгээр нүүж ирсэн улсууд 8 овог байсны нэг нь сартуул байсан тухай тэмдэглэжээ. “Бяцхан записка” хэмээх сурвалжид “Анх эрт урьд цагт өөрийн төрөлх Богд Чингис хааны албат байгаад, тэр цагт дээд зэргийн хүндэт түшмэл нэр хүртэж, үргэлж  шагнал ихтэй суусан байдаг. Богд Чингис хаан нирваан болсон хойно Хятадын богд хааны мэдэлд орсон байдаг. Тэгж байгаад сартуул отгийн түрүү сайд Хүлэг гэгч Сэцэн хааны хошуунаас ах дүү долоон нөхдөө дагуулж, Монгол орноос гараад, Орос оронд ирсэн байдаг. Энд Баатар цагаан хааны өргөмж их, газар эдэлбэр элбэг, тиймээс үргэлж амар жаргалтай сууна гэж бодсон байх аа. 1630 онд Сэлэнгэд цутгадаг Зэд ба Зэдэд урсгалтай Үнгийн голуудад ирж суусан юм” хэмээн ил тодорхой өгүүлжээ. Эдгээр асуудлыг судлан тодруулж тусгайлан авч үзсэндээ энэхүү илтгэлийн маань гол санаа оршино. 

·        Улаанбаатар эрдэм оюу сургуулийн салбарын эрхлэгч, Өөлд судлал нийгэмлэгийн захирал С.Баттулга:

-Энэхүү илтгэл нь гурван хэсэгтэй. Галданбошгот хааны  намтар, үйл хэрэг гаргаж байсан хичээл зүтгэлийн талаар эрдэмтэн судлаачид олон талаас нь  үнэлж дүгнэсэн билээ. Гэсэн хэдий ч “Галдан бошигт Монголын хааны эрх мэдлийн төлөө Халх руу цэрэглэн мордож, Эрдэнэзуу хийдийг галдан шатааж, лам нарыг Хөгнө хан ууланд аваачиж хоморголон устгасан, Төвдийн Далай ламын нэрийг барьсан Дивагийн заавар, даалгавраар Манжтай сөргөлдөн монголчуудын эв нэгдлийг сарниулж, Ойрадын олныг тарааж бутаргасан” мэтээр үзэх үзэл бодол өнөөг хүртэл байсаар байна. Манжийн Энх-Амгалан хаан монголчуудыг хагаралдуулан, бүх газар нутгийг нь эзлэн эрхшээхийн тулд өөрийн эмэг эх Боржигдой хатны заавраар ямар башир хорон арга хэрэглэж, ард олныг хэрхэн төөрөгдүүлж чадсаны хор уршиг өнөөг хүртэл үргэлжилж үр дагавар нь оршсоор байгааг ойлгож ухааран, түүхт хүмүүсийн тухайн цагийн эрхшээлээр хийж гүйцэтгэсэн үйл хэргийн сүүдэртэй бүхнийг түүж, Монголын олон ястнуудын эв нэгдэлд үүссэн ан цавыг энэ цаг үед давтан улиглаж болохгүй. Харин ч хор уршгийг нь хойч үедээ захин үлдээхийг хичээхийн оронд тэдний оюун санаанд Манжийн хаадын бурхны шашныг зориуд засварлан хордуулсан урхаг ужиг бүхнийг эргэн харах цаг болсон. Салж, ангижрахыг биш эвлэж нэгдэхийн  төлөө төр засаг, нийгэм салбар нэгж, гэгээрч боловсорсон хүн бүхний хамтын хүчин чармайлт хэрэгтэй цаг болжээ гэдгийг хэлье.


·        Хөгжлийн шүтэлцээ ТББ-ын судлаач, доктор, дэд профессор Х.Дондог:Зүүнгарын Галдан бошигт хааны өөрийн гараар бичсэн нэгэн зохиолыг хэвлүүлсэн нь “Галдан хааны унал наманчлалын зургаан бирамидын их хөлгөний судар” юм. Ийнхүү Буддын сургаал номлолыг өндөр түвшинд эзэмшсэн Галдан хааны дотоод сэтгэл ухаарал гэгээрлийн ертөнцийг тандан судлах сэжүүр гарч ирснээр их хүмүүний амьдрал үйл ажиллагааг эхлэл төгсгөлтэй эвлүүлэн зангидаж түүний эрдэм ухааныг ойлгох боломж олгосон. Уг зохиолыг нарийвчлан шинжилж Буддын суурь ухааны номлолуудаар хийсэн дэвсгэрт нь наалдуулан тодотгож үзэхэд Галдан бошигт хаан эрдэм боловсрол өндөр байсан хийгээд төрт шашин хоёр бодитоор барилдан оршихуйн ээдрээтэй асуудлыг хойч үедээ анхааруулж сургамж үлдээснээс гадна эрдэм ухааныг бүтээн туурвисан судлууштай шастир  мөн гэдгийг хэлэхэд таатай байна. Олонд хэрэгтэй онолын сэдвийг олон талаас нь ийнхүү ярилцлаа. Хурлын дараа Ш.Адьшаагийн "Галдан бошигт" номын нээлт болж, зочдод номынхоо дээжийг гардуулав.


     

Холбоотой мэдээ