Орон нутагтаа дурангийн мэс заслыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-20 23:26:59

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Нэгдсэн эмнэлэгт III шатлалын эмнэлэгт хийдэг 17 төрлийн оношилгоо, эмчилгээг амжилттай хийж байна.

Тухайлбал, зөвхөн III шатлалын эмнэлэгт хийдэг байсан дурангаар ходоод, 12 хуруу гэдэсний цус алдалтыг тогтоох, шарханд эмчилгээ хийх, ур авах, улаан хоолойн өргөссөн венийн судсанд боолт хийх, улаан хоолой, ходоод, уушгинаас гаднын биет авах, компьютер томограф хийх зэрэг эмчилгээ, оношилгоог орон нутагтаа хийж байгаа ажээ. 

Тухайлбал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар Улсын буюу III шатлалын эмнэлэгт хийдэг тархины хөндийн мэс заслыг өнгөрсөн жил амжилттай хийжээ.

Тодруулбал, мотоциклын осолд орж тархиндаа гэмтэл авсан иргэний тархины хатуу хальсны дотор гадна талд хурсан цусыг авах нээлттэй хагалгааг Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх, Монгол Улсын Хүний гавъяат эмч У.Оргилын удирдлаган дор мэс заслын их эмч Э.Түдэв болон н.Нэргүйхүү нарын таван эмч, сувилагч хоёр цаг гаруй амжилттай хийсэн байна. Мэс заслын эмч нар орон нутагтаа III шатлалын эмнэлэгт хийдэг элэгний хавдартай өвчтөнд элэг тайрах, нойр булчирхай задарсан үед нөхөх, ходоод тайрах, гэхчлэн нээлттэй хагалгаануудыг амжилттай хийсэн юм.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины субдурал болон эпидурал цус хуралтын хагалгаануудыг амжилттай хийхээс гадна дунд чөмөг шилбэний хугарлуудыг аймагтаа хаддаг болсон байна. "Орон нутагтаа томоохон хагалгаануудыг амжилттай хийж байгаа. Энэ жилээс эхлэн дурангийн хагалгааг аймагтаа хийдэг болно" хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа хэллээ.

 Завханы Нэгдсэн эмнэлгийн лабораторийн үйлчилгээ шуурхай болжээ

Тухайлбал сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн лабораторийн бүрэн автомат анализатор аппаратуудыг сүүлийн хоёр жил эрчимтэй суурилуулжээ. Ингэснээр лабораторийн хүчин чадал сайжирч, бүх төрлийн шинжилгээнүүдийг чанар, стандартын өндөр түвшинд хийж байгаа ажээ. Дараалал үүсгэж иргэдийг багагүй бухимдуулдаг шинжилгээ, лабораторийн тасгийн үйлчилгээ бүрэн цахимжаад байгаа аж. Ингэснээр алслагдмал орон нутгийн ард иргэдэд цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн, сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлж буй юм.
Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг жилдээ 6000-7000 алсын болон ойрын дуудлага хүлээн авч тусламж үзүүлдэг. Үүний 30-40 хувь нь яаралтай тусламж шаардсан дуудлага байдаг. Тиймээс иргэдэд стандартын дагуу чанартай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, эмч ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ОНХС-гийн 190 сая төгрөгийн хөрөнгөөр яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийг нэг дор төвлөрүүлэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж үр дүнтэй ажиллаж байгаа. Мөн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг нь нэмэлт тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байна. Ингэснээр яаралтай тусламж шаардсан өвчтөнд зүрхний бичлэг хийх, эход харах зэрэг үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдсэн тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ