Г.Цагаан-Өвгөнийг хотын хүндэт иргэнээр өргөмжлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-20 16:05:56

Дорноговь /МОНЦАМЭ/. Одоогоос 58 жилийн тэртээ 1961 оны зургаадугаар сарын 20-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 136 дугаар зарлигаар Сайншанд хотыг байгуулж байжээ.

Түүхэн өдрийг тохиолдуулан Сайншанд сумын ЗДТГ-аас хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан Гүнсэнгийн Цагаан-Өвгөнийг "Хотын хүндэт иргэн"-ээр өргөмжлөв.

Цагаан-Өвгөн гуай 1955 онд Мандах сумын Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд зарлага, хүний эмнэлгийн санитарч зэрэг албанд хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш Мандах сумын намын үүрийн орлогч, ханын сонины эрхлэгч, МХЗЭ-ийн үүрийн дарга, Зүүнбаян хороо захиргааны дэргэдэх намын үүрийн товчооны гишүүн, МХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж байсан.

Мөн 1963 онд Хууль цаазын дунд сургуульд суралцан төгсч хэсгийн шүүгчээр дөрвөн жил, аймгийн шүүхийн орлогч даргаар 15 жил, Сайншанд сумын АДХГЗ-ны даргаар 11 жил, Мандах сумын Засаг даргаар хоёр жил ажиллажээ.

Өвгөн дарга ажиллаж байх хугацаандаа төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж залуу хойч үедээ үлгэр дуурайл үзүүлэн амжилттай ажиллаж байсан төдийгүй тавдугаар таван жилийн гавшгайч, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан.



Холбоотой мэдээ