Москвад “Лалын улс”-тай холбоотой хүмүүсийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-31 14:14:57

МОСКВА. /RIA Novosti/. Оросын нийслэл Москва хотод тус улсад хориглосон “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй 20 орчим хүнийг баривчилсан тухай хууль сахиулах байгууллагуудын эх сурвалжууд мэдээлжээ.

Урьдчилсан мэдээллээр, тэд Москва хотод "Лалын улс" бүлэглэлд шинээр босогчид элсүүлэх ажил хийж байсан байна. Одоогийн байдлаар энэ мэдээллийг албан ёсоор нотлоогүй байгаа юм.

“Интерфакс” агентлагийн мэдээлснээр, баривчлагдсан хүмүүс Туркийн иргэд бөгөөд тэднээс хуурамч бичиг баримт илрүүлжээ. Одоогийн байдлаар тэднийг олон улсын хэт давруу үзэлтнүүдийн болон террорист байгууллагуудтай холбоотой эсэхийг шалгаж байна.

ОХУ-ын Аюулгүй байдлын алба хоёрдугаар сард “Лалын улс”-ын долоон гишүүнийг Екатеринбург хотод баривчилжээ. Тэднийг гар хийцийн тэсрэх төхөөрөмж ашиглан Москва, Петербург хотод болон Свердловск мужид террорист халдлага үйлдэх гэж байсан хэрэгт сэжиглэж байгаа аж.

Тусгай албаныхны мэдээлснээр, дээрх хүмүүсийг Туркээс ирсэн “Лалын улс”-ын гишүүн удирдаж байжээ. Түүнчлэн лалын шашинтнууд халдлага үйлдсэнийхээ дараа Сирид очиж байлдааны ажиллагаанд оролцохоор төлөвлөж байсныг тогтоосон байна.

Орос болон Европт халдлага үйлдэхэд бэлтгэдэг тусгай анги “Лалын улс”-д байдаг гэж тусгай албаныхан мэдээлжээ. Бүрэлдэхүүнд нь Умард Кавказын иргэд голдуу ордог уг бүлгийг Нэг гарт хочит Ахмед Четаев гэгч толгойлдог аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ