Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-17 14:59:30

БРАЗИЛИА. /CNN/. Өнөөдрөөс эхлэн АНУ, Канад, Япон, Австралийн иргэд Бразил улс руу визгүй зорчихоор болжээ.


Дээр дурдсан орнуудын хүчин төгөлдөр паспорттой иргэд Бразил орноор 90 хүртэлх хоногийн турш аялах боломж бүрдсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд 180 хоног хүртэл сунгах боломжтой ажээ.


Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару өнгөрсөн гуравдугаар сард Цагаан ордонд зочлохын өмнө энэ талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байсан юм.


Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ж.Болсонару нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд визийн шаардлагыг цуцлахаар тохиролцсон ажээ.


Энэхүү мэдэгдлийн дараа АНУ, Канад, Япон, Австралийн иргэдийн Бразил улсаар аялах сонирхол ихээхэн нэмэгдсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард Австралиас Бразил чиглэлийн нислэгийн талаарх интернэт хайлтын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар өссөн бол Америкчуудын хувьд уг үзүүлэлт 31 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ