Нийтийн тээврийг хөгжүүлэх BRT төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн
Засаг дарга С.Амарсайхан манай улсад ирээд буй АХБ-ны гүйцэтгэх
захирал Кшатрапати Шиважигаар ахлуулсан тус банкны удирдах зөвлөлийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар АХБ-ны санхүүжилтээр нийслэл хотод хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” /BRT/ төслийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах талаар санал солилцлоо. Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”, “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн явц, үр дүн, цаашид шинээр хийж хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцлаа.
Уулзалтад нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын
асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Гадаад харилцааны
хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир болон
бусад албаны төлөөлөл, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломмен
болон АХБ-ны Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.