Сэлэнгэд анх удаа “Сэлэнгэ брэндийн органик хүнс” үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-14 15:55:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт “Хамтын баталгаажуулалтын байгууллага”-ыг байгуулах, хамтран ажиллаж буй хоршоодын гишүүд тангараг өргөх ёслолын ажиллагаа өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр боллоо.

Энэхүү “Хамтын баталгаажуулалтын байгууллага”-ыг байгуулах, гишүүд нь тангараг өргөх үйл явдал нь Монгол Улсын хэмжээнд хоёр дахь, Сэлэнгэ аймагт анх удаа болж буйгаараа онцлог юм. Олон улсад органик хүнсийг баталгаажуулах хэд хэдэн төрлийн арга байдаг бөгөөд харилцан итгэлцэлд тулгуурласан хамтын баталгаажуулалтын байгууллагыг байгуулах явдал юм. Энэ нь “органик хүнс мөн” гэдгийг хамтаараа баталгаажуулдгаараа маш давуу бөгөөд бодит болдог байна. Энэхүү аргыг манай улсын ХХААХҮЯ-наас судалж үзээд хамгийн бодитой, богино хугацаанд хэрэгжих боломжтой гэж үзэн органик хүнсний тухай хууль, түүнийг дагалдах журамдаа тусгаж өгчээ. Энэхүү боломжийг бүрдүүлэх, хууль, журмыг хэрэгжүүлэх зорилгоор "Адра Монгол" ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөлтэй хамтран ажиллаж байгаа аж. Энэ утгаар органик ХАА-н үйлдвэрлэлийг Монгол Улсад хөгжүүлэх эхлэлийг Сэлэнгэ аймагт анх тавьж, хамтын баталгаажуулалтын тогтолцоог бий болгон, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, эргээд орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахаар ажиллаж эхэллээ.  

Эл үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХААГ, Адра ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөл, “Сэлэнгэ Таван хайрхан” дундын хоршоо хамтран зохион байгуулсан юм. Анхдагч энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, МХЭАХНҮХ, Сэлэнгэ аймгийн анхан шатны хоршоодын төлөөлөл, МХААХҮХ нар оролцлоо.

Энэ хүрээнд газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн аж ахуй эрхэлдэг Сэлэнгэ аймгийн анхан шатны 30 хоршоо, нэг дундын хоршоог сонгон авч төсөлдөө хамруулж, тэдний органик хөдөө аж ахуй, органик хүнс үйлдвэрлэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөх, чадавхжуулах олон төрлийн сургалт явуулж, тоног төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн, иргэд, хоршоодын талбайгаас хөрс, усны дээж авах, шинжлүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулж байна. Үүний үр дүнд төсөлд хамрагдаж буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Баяжих сүүн булаг”, Шаамар сумын “Органик бал”, Сант сумын “Усан хээр” хоршооны нийт 21 ногоочин өөрсдийн санаачилгаар “Сэлэнгэ органик” нэртэй хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулан органик хүнс үйлдвэрлэлд шилжиж байгаагаа ийн илэрхийлж, тангараг өргөлөө.

Тэд зөвхөн органик үйлдвэрлэлд зөвшөөрөгдсөн бодисыг зааврын дагуу хэрэглэж, химийн гаралтай пестицид, ургамал хамгаалах бодис, фунгицид, гербицид, эрдэс бордоо, ургалт дэмжих бодис, нийлэг даавар зэрэг бодисыг шууд болон шууд бус замаар өөрийн үйл ажиллагаанд ашиглахгүй. Хөрсний үржил шимийг байгальд ээлтэй, ХАА-н тогтвортой зарчим бүхий сэлгээ, компостон бордоо, хучлага таримал тарих болон ногоон бордуурт уринш хэрэглэн нэмэгдүүлнэ” гэдгээ тангараглаж, үйлдвэрлэл эрхлэгч болон хэрэглэгч, хараат бус гишүүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа аж. Энэхүү хамтран ажиллах гэрээнд талуудын эрх, үүрэг, хяналт, хариуцлагын арга хэмжээг нарийвчлан тусгаж өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд болсон энэхүү ёслолын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, "Адра Монгол" ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн менежер Г.Цэцгээ нар үг хэлж, органик ХАА-н ач холбогдол, органик хүнсийг баталгаажуулахын давуу талыг чухалчиллаа.


Эрүүл, чанартай хүнсийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдийн гарт шууд хүргэх боломжтой боллоо

Ийнхүү орон нутгийн хоршоод хамтран хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулснаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орж байгаа давуу талтай юм. Ингэснээр бие биенээ хянаж, хамтын хүч, оролцоотойгоор органик хүнс үйлдвэрлэж байгаагаа баталгаажуулан, ХХААХҮЯ-наас “байгалийн гаралтай”, “органик” гэдгээ илэрхийлсэн тэмдэг авч, эрүүл, чанартай хүнсийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдийн гарт шууд хүргэх боломжтой болж байгаа юм байна.

Манай улсын малчид, тариаланчид, зөгийчид, үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй гол асуудлын нэг нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдгээ баталж чаддаггүй явдал юм. Тэд хэрэв байгалийн гаралтай, 100 хувь цэвэр, органик гэдгээ баталж чадвал харьцангуй бага өртгөөр, чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, орлогоо өсгөх бүрэн боломжтой гэнэ.

Энэхүү хамтын баталгаажуулалтын байгууллага”-ыг байгуулах, хамтран ажиллаж буй хоршоодын гишүүд тангараг өргөх ёслолын үеэр "Адра" ОУБ-ын “Органик ХАА-н түншлэл” төслийн менежер Г.Цэцгээ органик ХАА нь сэлгэн тариалалт, амьтан, ургамалын гаралтай бордоо хэрэглэх, механик ба биологийн аргаар хортонтой тэмцэх замаар байгаль эх дэлхий, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, ХАА эрхлэх дэвшилтэт хэлбэр. олон улсад органик хүнс үйлдвэрлэхдээ хүрээлэн буй орчин, хүн, мал, амьтан, ургамал, хорхой шавж, ус, агаарыг нэгэн цул гэж үзэн, элдэв химийн бодис, пестицид, антибиотик хэрэглэдэггүй болохыг тодотгон тайлбарлаж өгсөн юм.


Хамтран ажиллаж байгаа хоршоодоо тасралтгүй ажилтай, орлоготой байх нөхцөлийг Адра ханган өгч байна

“Адра Монгол” ОУБ-аас Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байгаа “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн хүрээнд дээрх арга хэмжээнээс гадна хамтран ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн 11 сумын 30 анхан шатны, нэг дундын хоршоологчдод тоног төхөөрөмж гардуулан өгөх үйл ажиллагаа давхар болсон юм. Энэхүү үйл ажиллагааныхаа талаар тус төслийн менежер Г.Цэцгээ:

-“Бид органик ХАА-г хөгжүүлэх хөдөлмөрийг хөнгөвчилсөн газар тариалангийн тоног төхөөрөмжийг хоршооддоо тараасан байгаа. Мөн бид тасралтгүй ажилтай, орлоготой байх үүднээс улирлын бус бизнесийг давхар дэмжин явж байна. Ялангуяа газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хоршоод маань өвлийн улиралд нэлээд их цаг хугацаатай, сул байдаг. Иймээс энэ хүмүүс маань жилийн турш орлоготой, улирлын бус бизнес хийж байх хэрэгтэй юм байна гэдэг дээр судалгаа явуулаад, улирлын бус бизнесийг дэмжих тоног төхөөрөмжийг хоршооддоо гардууллаа. Одоогоор манай төслийн зүгээс органик газар тариалангийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн тоног төхөөрөмж болоод улирлын бус бизнесийг дэмжсэн тоног төхөөрөмж гээд нийтдээ 300-гаад сая төгрөгийн тоног төхөөрөмж, үр бордоог хоршоодод тараагаад байна.

-Яг ямар төрлийн тоног төхөөрөмж гардуулан өгөв. Бүх хоршоод хамрагдаж чадав уу?

-Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа 11 сумын, 31 хоршоод маань газар тариалан болоод зөгийн аж ахуйг эрхэлдэг. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд гэхэд л таван хоршоо бий. Энэ таван хоршоо ногоо хатаах бүрэн цехтэй боллоо. Мөн Шаамар сумын “Органик бал” хоршоо гэхэд зөгийн бал хайлуулах тоног төхөөрөмж, мөн оёдлын цехийн тоног төхөөрөмж авч байна. Мөн сант сумын хоршоод маань махны жижиг цех ажиллуулах төхөөрөмж авлаа. Энд махаа хүлээж аваад жижиглээд, савлаад, вакуумдаад, хөргөөд зарах боломжтой болж байна. Зүүнбүрэн сумын “Бүрэн ургац” хоршоонд бид газар тариалангийнхаа үйлдвэрлэлийн бусад улиралд блок хийх цех, оёдлын цех, мужааны цех, органик бордоо үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдийг өглөө. Энэ мэтчилэн сум болгон дээр, хоршоо болгон улирлын бус бизнес эрхлэх тоног төхөөрөмжийг авч чадлаа. Эдгээр дотроос би нэг зүйлийг онцолмоор байна. Тухайлбал Цагааннуур сумын хоршоо малын арьс элдэх тоног төхөөрөмж авсан.

-Энэ төхөөрөмжөө ямар шалгуураар олгож байна. Манай төслийн зүгээс техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэхээс гадна оюуны маш том хөрөнгө оруулалтыг хийдэг гэж хүмүүс их ам сайтай, тун талархалтай ярьдаг юм билээ. Энэ талаараа . . .?

-Бид эдгээр хүмүүсээр бизнес төлөвлөгөө бичүүлсэн. Энэ бүх тоног төхөөрөмжөө бид орон нутгийн хэрэгцээ, зах зээлийн өрсөлдөөн, багтаамж, нөөц бололцоог нь судалж үзсэний үндсэн дээр өгч байгаа юм. Өнөөдөр бид 47 төрлийн 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж тараалаа. Үүний өмнө газар тариалангийн чиглэлээр 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, үр бордоог өгсөн байгаа. Тийм шүү. Манай төслийн зүгээс сургалт, зөвлөгөөг маш түлхүү өгдөг. Одоо бид зөвхөн тоног төхөөрөмж өгөөд зогсохгүй, улирлын бус бизнестэй холбоотой технологийн сургалтуудыг орон нутагт нь явуулахаар үндэсний хэмжээний зөвлөхүүдийг орон нутагт ажиллуулахаар төлөвлөөд явж байна.


Хоршоологчид сэтгэл хангалуун, баяр хөөртэй, урам зоригтой байна

Ийм сайхан буянт үйлсийг бүтээж, Сэлэнгийн ард иргэд болоод монгол ард түмэн, цаашлаад дэлхийд Сэлэнгэ нэртэй брэнд болсон эрүүл хүнсээр хангах эрхэм зорилгыг өвөрлөн зүтгэж яваа зарим хоршоодын гишүүдтэй та бүхнийг уулзуулья.


Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог: Манай аймаг өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх тал дээр их анхаарч ажилладаг. Иргэд маань ч өрхийн үйлдвэрлэлээ маш сайн эрхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Энэ ч утгаараа бид хоршоологчдыг хамтруулаад органик монгол хөтөлбөрийн дагуу органик хүнсийг үйлдвэрлэх гараагаа эхэллээ. Энэ маань Сэлэнгэ аймгийн бүтээгдэхүүнүүд Монгол Улсдаа төдийгүй, дэлхий нийтэд органик хүнсийг бий болгох эхлэлийг тавьж өгсөн "Адра" ОУБ-даа талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр Сэлэнгэ аймагт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн органик чиглэлээр үйлдвэрлэж, хүмүүст эрүүл хүнс, эрүүл бүтээгдэхүүн очно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс Сэлэнгэд анх удаа Сэлэнгэ брэндийн органик хүнс үйлдвэрлэн гаргах гэж байгаа нь тус аймагт үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний органик байдлыг Монгол Улсын төдийгүй дэлхий нийтэд зарлах мөч холгүй байгаа гэдэгт найдаж байна.

Өнөөдөр дэлхий нийтээр органик хүнс хэрэглэх болж байгаа үед Монгол Улсдаа Сэлэнгэ аймаг манлайлан, тэр дундаа газар тариалангийн элит аймгийн хувьд том ажил, том алхмыг хийж эхэллээ. Үүнийг Сэлэнгэчүүд бид л хийх ёстой.  


Цагааннуур сумын “Хуурч сүрэг” хоршооны дарга Б.Буянт: Манай хоршоо эрчимжсэн мал аж ахуй, малын үржил, фермерийн үйл ажиллагаа, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн чиглэлээр 2011 онд байгуулж байсан. Анх 9 гишүүнтэй байгуулж байсан бол одоо нийт 36 гишүүнтэй ажиллаж байна. Манай хоршооны гишүүдийн ихэнх нь малчид байдаг. Манайх энэ Адра ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөлд хамрагдаад улирлын бус бизнесийн хүрээнд арьс нэхий элдэх бага оврын тоног төхөөрөмж авч байгаадаа баяртай байна. Бид яагаад энэ төхөөрөмжийг захиалсан юм бэ гэхээр манай Цагааннуур сум нийтдээ 137 мянган толгой малтай. Өнөөдрийн байдлаар зах зээлд арьс, нэхий үнэгүйдэн хаягдаж байна. Иймээс бид сумынхаа хэмжээнд хаягдаж байгаа арьс, нэхийгээ цуглуулж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор мөн ажилгүй байгаа залуусдаа ажлын байр бий болгох үүднээс энэ төхөөрөмжийг сонгосон. Ингэснээр үнэгүйдэж байсан нэхийг үнэтэй болгох, сумынхаа ажилгүй иргэдийг ажлын байртай болгож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулснаар хоршоодын маань гишүүдийн амьдрал, амьжиргаа улам бүр дээшилнэ гэж үзсэн. Саяхан манай хоёр гишүүн технологийн сургалтад суусан. Одоо дахин гурван хүнийг сургалтад хамруулна.      


Сэлэнгэ аймгийн Сант сумын “Эсэргэн” хоршооны дарга Г.Уртнасан: Эсэргэн гэдэг бол зуны дэлгэр цаг гэсэн үг. Монгол хэлээ залуучууд сэргэг мэдээсэй гэж бодон хоршоогоо нэрлэсэн юм. Манайх энэ Адра ОУБ-ын төслөөс улирлын бус бизнес эрхлэх зорилгоор органик цэвэр малын махыг пакеталж, зах зээлд нийлүүлэх зорилгоор махны цехийн тоног төхөөрөмж авлаа. Энд 700 л-ийн хөлдөөгч, махны хөрөө, вакуум савлагч зэрэг төхөөрөмж хүлээн авсандаа баяртай байна. Манай хоршоо нийтдээ 24 гишүүнтэй болон өргөжсөн. Цаашдаа биеэ даан, өөрийн байртай болох зорилготой үйл ажиллагаагаа явуулна гэж зорьж байна. Манай Сэлэнгэ аймагт хоршоо нэг сайн хөгжиж өгөхгүй байсан. Гэтэл “Адра Монгол” төслөөс органик хүнс үйлдвэрлэхээр явуулж байгаа сургалт, нэн ялангуяа манай хоршооны гишүүдэд, бидэнд оруулж байгаа оюуны хөрөнгө оруулалт асар үнэтэй зүйл боллоо. Манай хоршооны гишүүдээс сургалтад суугаагүй хүн бараг байхгүй. Үүнд би их маш их баяртай байгаа.  


Сэлэнгэ аймгийн ХАА-н хоршоологчдын тэргүүн Э.Амарсанаа: Адра ОУБ-ын төсөл хөтөлбөр Сэлэнгэ аймагт хоёр дахь удаагаа хэрэгжиж байна. Манай аймгийн хоршооны холбоонд 24 хоршоо байдаг. Энэ удаагийн төсөлд 11 сумын 31 хоршоо шалгаран оролцож байна. Ерөнхийдөө ХАА-н чиглэл маань хүнд чиглэл байдаг. Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэд ихэвчлэн хоршооны холбоонд элссэн байгаа. Адра ОУБ-ын хэрэгжүүлж буй төсөл маш үр дүнтэй хэрэгжиж байна. Хоршоодын гишүүдийг чадавхжуулж байна. Тухайлбал сул зогсоохгүй, орлогогүй байлгахгүйн улмаас улирлын бус бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, төслийнх нь дагуу тоног төхөөрөмж өгч байна. Өмнө нь 200 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байдаг. Энэ удаа 95 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг газар дээр нь хоршоодод өгсөн таатай үйл ажиллагаа боллоо. Мөн манай аймгийн хоршоологчдын холбоо баталгаажуулалтын тангараг өргөсөн хоёр дахь аймаг болж байгаад баяртай байна.      


“Зүүнхараа баялаг” хоршооны дарга С.Бадам: Манай хоршоо 14 гишүүнтэй. Залуу, дунд, ахмад үеийнхэн ажилладаг. Манайх төмс, хүнсний ногоо, хүлэмжийн ногоо эрхэлдэг. Бид уламжлалт болон орчин үеийн аргаар ногоогоо тарьдаг. Бид малын бууц болон компост бордоо хэрэглэдэг. Манайх Адра ОУБ-тай хамтарч ажиллаад 8 сар болж байна. Бид их чадавхжиж байгаа. Адра төсөл бидэнд тоног төхөөрөмж өгөхөөс гадна их мэдлэг олгодог. Үүнд бид их баяртай байна. Манай хоршоо Солонгосын үрлэг, гар хадуур, сийрүүлэгч авч байсан. Бидний хөдөлмөрийг хөнгөвчилж, цааш ажиллах урам өгдөгт баяртай байдаг. Бид тарьж байгаа зүйлдээ янз бүрийн бордоо грипцид хийдэггүй. Органик хүнс үйлдвэрлэдэг бид чинь бага талбайд өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүс.  

Алтанбулаг сумын “Баяжих сүүн булаг” хоршооны дарга А.Эрдэнэчимэг: Бид өнөөдөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж чадаж байгаа гэдгээ батлах батламжтай боллоо. Би үүнийг л мөрөөдөж байсан. Үр хүүхэддээ өвлүүлэх баялагтай болж байгаадаа баяртай байна. Үүнд хүрэх гэж 24 жилийнхээ хөдөлмөрийг зориулсан. Энэ бүхнийг бидэнд бий болгож өгсөн Адра ОУБ-ын хамт олондоо баярлалаа. Бид чадна, Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөрсөнд тарьж, ургуулж чаднаа.


Манай улсад органик үйлдвэрлэл явуулах, органик гэдгийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрэн бүрджээ


Органик хүнсний тухай хуульд органик хүнсийг баталгаажуулах гурван түвшний байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж зааснаас харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулах оролцооны баталгаажуулалтын байгууллага байна гэдгийг хуульчлан, холбогдох журам гарчээ. Одоогийн байдлаар дэлхийн 90 орчим улсад органик хүнсний тухай хууль тогтоомж мөрдөгдөж байгаагаас Монгол Улс 2016 онд Органик хүнсний тухай хуультай болж, түүнийг дагалдан 6 журам, аргачлал батлагдан, хэрэгжиж байгаа юм байна.

Энэ нь манай улсад органик үйлдвэрлэл явуулах, органик гэдгийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэж үзэж болох аж. Тус хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс "Адра Монгол" ОУБ-ын "Органик хөдөө аж ахуйн түншлэл" төслийг хэрэгжүүлж, Сэлэнгэ аймгийн 30 хоршоонд түшиглэсэн хамтын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж эхэллээ.

Энэхүү хамтын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэхэд орон нутгийн иргэд, хоршоод төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлд органик хөдөө аж ахуй, нэмүү өртгийн сүлжээний ач холбогдол, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэргийг таниулах, хэрэглэгчдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх нь нэн түрүүнд шаардлагатай байгаа хэмээн төслийн менежер хэлж байв.

Органик хөдөө аж ахуй гэж сэлгэн тариалалт, амьтан, ургамлын гаралтай бордоо хэрэглэх, хортон, шавжтай механик ба биологийн аргаар тэмцэх зэрэг аргад түшиглэсэн, хөдөө аж ахуй эрхлэх дэвшилтэт хэлбэр. Органик хөдөө аж ахуйд хуулиар зөвшөөрснөөс химийн өөр химийн бодис хэрэглэх, хувиргасан амьд организм, түүнээс гаралтай бүтээгдэхүүн, өсөлтийн даавар, эс үржүүлэх аргаар гарган авсан мал, амьтан, үр төл, цацрагийн боловсруулалт, айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, цэвэрлэх байгууламжийн лаг хэрэглэхийг хориглодог байна.

Дэлхийн хүн ам өсөж, хотжихын хэрээр хүрээлэн буй орчиндоо ээлтэй, аюулгүй хүнс үйлдвэрлэх, хэрэглэх нь эрүүл, урт удаан, аз жаргалтай амьдрах баталгаа гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч, органик үйлдвэрлэлд шилжиж, органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх болжээ.

 

Холбоотой мэдээ