Оманы буланд гарсан халдлагын хариуцлагыг Иранд тохжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. Оманы буланд нефть тээвэрлэгч хөлөг хоёр хөлөг онгоцонд халдсаны хариуцлагыг Ираны эрх баригчид хүлээх ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Төрийн департаментад сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
“Оманы буланд болсон халдлагын ард Лалын Бүгд Найрамдах Иран Улс байгаа гэж АНУ-ын Засгийн газар үзэж байна” гэж Помпео онцлон тэмдэглэжээ.
““Ийм дүгнэлтийг тагнуулын мэдээлэлд”, халдлага үйлдэхдээ ашигласан зэвсэгт хийсэн дүн шинжилгээнд үндэслэдэг. Вашингтон мөн “ийм ажиллагааг гүйцэтгэхэд шаардагдах туршлагын түвшнийг, мөн саяхан гарсан ижил төстэй халдлагуудыг" үндэс болгосон”" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга цохон тэмдэглэсэн байна. Помпеогийн үзэж буйгаар, бүс нутаг дахь бүлэглэлүүдийн алинд нь ч “ийм хэцүү” халдлагыг үйлдэх “боломж, туршлага” байхгүй аж.
АНУ Иранд эдийн засаг, дипломат арга замаар шахалт үзүүлэх бодлого баримтлахаар төлөвлөж байгаа боловч хэрэв шаардлагатай бол хүч хэрэглэж өөрсдийгөө хамгаалахад бэлэн байна гэж тэрбээр нэмж хэлжээ.
Харин Ираны эрх баригчид дээрх мэдэгдлийг эрс няцаасан байна. Нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудад халдсан хэрэгт АНУ Иран улсыг буруутгасан нь дипломат хүчин чармайлтыг таслан зогсоох гэсэн оролдлого юм гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф мэдэгджээ.