Улс төрийн хямралд Молдавын арми оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-10 16:55:48

КИШИНЕВ. /RIA Novosti/. Молдавын Үндэсний арми улс оронд үүссэн улс төрийн хямралд хөндлөнгөөс оролцохгүй гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.


“Үндэсний арми үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, хямралд оролцохгүй бөгөөд улс төрийн тоглолтоос ангид үлдэнэ” гэж тус яамны албан ёсны цахим хуудсанд байрлуулсан мэдээлэлд дурдсан байна. Түүнд цохон тэмдэглэснээр, Үндсэн хуульд заасны дагуу “Зэвсэгт хүчин улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эв нэгдэл болон үндсэн хуулийн ардчиллыг хамгаалахын тулд зөвхөн ард түмний хүсэл зоригт захирагдана”.


Өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд болсон сонгуулийн дараа Молдавын парламент эрх барих эвсэл болон Засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүй байсан юм. Тус улсын Ерөнхийлөгч Игорь Додоныг дэмждэг социалистууд Молдавын Ардчилсан намыг эсэргүүцдэг Acum эвсэлтэй зургадугаар сарын 8-нд тохиролцсоны эцэст эвслийн Засгийн газрыг байгуулжээ.


Үүний дараа Молдавын Ардчилсан нам Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Үндсэн хуулийн цэц эрх барих эвсэл болон Засгийн газрыг хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Ардчилсан намын гишүүн Павел Филипт Ерөнхийлөгчийн оронд парламентыг тараах зарлигт гарын үсэг зурахыг зөвшөөрчээ. Игорь Додон энэ шийдвэрийг төрийн эрх мэдлийг хууль бусаар булаах оролдлого гэж үзсэн байна. Европын Холбоо, ОХУ, АНУ зэрэг улс болон олон улсын байгууллагууд Молдавт үүссэн хямралд түгшиж буйгаа илэрхийлээд, парламент болон шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ.


Холбоотой мэдээ