Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-10 10:11:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт /ТСТМБС/ төслийн нээлт ХНХЯ-ны хурлын танхимд өнөөдөр болно.

 

Төслийг ХБНГУ, Австрали болон БНСУ-ын засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран 2022 оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжүүлэх  юм.  

 

Тус төсөл нь Монгол Улсын долоон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг сонгосон мэргэжлийн чиглэлээр чадамжийн төв болон тогтвортой хөгжих, чадамжийн төвийн эрхзүйн зохицуулалт болон санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгоор Монгол Улсын ХНХЯ-ыг дэмжин ажиллана.

 

Уг төсөл нь Улаанбаатар хот, баруун, зүүн, төвийн болон говийн бүсэд нийт долоон чадамжийн төвийг тогтвортой хөгжүүлэхэд дэмжин ажиллах юм. Чадамжийн төв нь сонгогдсон мэргэжлийн дагуу төрөлжин хөгжиж, олон талт үйл ажиллагаа явуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоонд шинийг эрэлхийлж, мэдлэг чадвар түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.

Мөн суралцагсдад чанартай сургалт олгохоос гадна багш нарыг сургах, аж ахуйн нэгжүүдийн захиалгат сургалт зохион байгуулах, богино хугацааны сургалтаар ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох, ур чадварын үнэлгээ хийж түвшин тогтоох болон Дэлхийн Ур чадварын тэмцээний оролцогчдыг бэлтгэх зэрэг олон талт үйл ажиллагаатай байна.

 

Төслийн хүрээнд Барилгын Политехник коллеж, Техник Технологийн политехник, Монгол Солонгосын Политехник коллеж, Завхан аймаг дахь Политехник коллеж, Дорнод аймаг дахь Политехник коллеж, Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж (Гагнуурын чадамжийн төв), Дархан-Уул аймаг дахь Уул Уурхай Эрчим Хүчний Политехник Коллеж чадамжийн төв болон хөгжих юм.

 

Төслийн нээлтэд ХНХ-ын дэд Сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэйв Восен, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Жу Хэн Нан, төсөлд хамрагдаж буй 7 МБСБ-уудын удирдлагууд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцоно.

 

Холбоотой мэдээ