Төр засгийг залуучуудтайгаа хамтарч ажиллахыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-06-04 09:23:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн төлөөлөл оролцож буй “Залуучууд энх тайван, аюулгүйн байдлын төлөө” олон улсын хурал манай улсад болж байна.

ГХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улс төр, энхийг цогцлоох газар хамтран зохион байгуулж буй уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, Тогтвортой энх тайвныг цогцлоож, аливаа мөргөлдөөн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон орны залуус дуу хоолойгоо нэгтгэх ёстой”-г тэмдэглэв.

Өнөөдөр хиймэл оюун ухаан хүний өмнөөс бараг бүх зүйлийг хийдэг боллоо. Гагцхүү энх тайван, аюулгүй байдлыг л бий болгож чадахгүй. Иймээс бид яриа хэлэлцээ, дипломат үйл ажиллагаагаар тогтвортой энх тайвныг тогтоох болно” гэдгийг онцолсон юм.


Тэрээр цааш нь хэлэхдээ, “Олон улсын залуучуудын энэхүү уулзалт нь Монголд болж байгаа нь манай гадаад бодлогын томоохон санаачлага, үр дүн гэж үзэж болно. Зүүн хойд Азийн аюулгүй байдал Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлөх учраас энх тайван, аюулгүй байдлыг хангахад дипломат үйл ажиллагааг ашиглан үр дүнтэй, санаачлагатай, няхуур хандаж ажиллах ёстой”-г тэмдэглэлээ. Үүний сацуу энх тайвны асуудлаар даян дэлхийн залуучуудын чуулга уулзалт зохион байгуулах, НҮБ, Facebook компани, эрдэмтэн, судлаачдын гурвалсан холбоог бий болгож, “Олон улсын харилцааны “Peacebook” сэтгүүл” эрхлэн гаргах, мөн залуу дипломат, судлаачдыг дэмжих үүднээс “Ирээдүйн энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх шагнал” бий болгох зэрэг санаачилгыг дэвшүүлсэн юм.


Уулзалтад Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман оролцсон бөгөөд тэрээр, олон улсын энэ хурлыг Монголд хийж буй нь хамгийн тохиромжтой юм гээд Монгол Улсын маш олон байлдагч энхийг сахиулах НҮБ-ын ажиллагаанд амжилттай оролцож байгааг онцлон дурдаж байв

Тэрээр, “Дэлхийн хүн амын таван хүн тутмын нэг нь залуус байдаг. Тэдний дуу хоолойг сонсохгүйгээр хүн төрөлхтөн өмнөө тавьсан зорилтуудад хүрч чадахгүй. Тиймээс залуучуудынхаа дуу хоолойг сонсож, тэдний оролцоотойгоор тулгараад буй олон асуудлыг шийдэж болно. Жишээ нь, энх тайван, ядуурал, аюулгүйн байдал, байгаль орчны асуудлыг залуучуудын дуу хоолойгоор дамжуулан шийдвэрлэх боломжтой. Энд улс орнуудын төр засгийг залуучуудтайгаа хамтарч ажиллахыг уриалж байна” гэсэн юм.



Уулзалтад БНХАУ, БНСУ, Монгол, Япон зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд, Австрали, Малайз, Финланд зэрэг улсын төр, засгийн болон иргэний нийгэм, залуучуудын байгууллага, оюутан залуусын төлөөлөл, НҮБ-ын Хүн амын сан, Хүний эрхийн асуудлаарх Дээд төлөөлөгчийн газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн нийт 60 орчим төлөөлөгч оролцож байна.

Хурал "Холидэй инн" зочид буудалд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

М.Халиун

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ