Ховд аймагт Хийн системийн үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-03 13:49:16

Ховд /МОНЦАМЭ/. Бельги, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг чадавхжуулах төсөл” хэрэгжиж байна.

Энэ төслийн хүрээнд Ховд аймагт эмнэлгийн байгууллагыг хүчилтөрөгчийн хийн системээр бүрэн хангах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулна. Тус үйлдвэрийн барилгын  ажлыг  энэ сард эхлэхээр болжээ.

Энэхүү хийн системийн үйлдвэр нь баруун бүсэд анх удаа бий болж байгаа бөгөөд 3 төрлийн систем нэгэн зэрэг ажиллах юм. Тодруулбал, БОЭТ-ийг 93-99 хувийн хүчилтөрөгч, цэвэршүүлсэн өндөр даралттай агаар, вакуум /сорох систем/-ээр хангана.

Тус систем нь  20 баллон цэнэглэх хүчин чадалтай бөгөөд баруун 5 аймгийн нэгдсэн эмнэлэг болон шаардлагатай сумдыг  “Хүчил төрөгч”-өөр ханган ажиллах боломжтой болох юм. Үүнээс гадна Улаанбаатар хотоос тээвэрлэх тээвэрлэлтийн зардлыг  хэмнэх аж. Мөн  3-5 ажлын байрыг бий болгоно.  

Үүнтэй холбогдуулан эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах, хүчилтөрөгчийн хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах мэдлэг, ур чадвар олгох чиглэлээр  “Хүчилтөрөгчийн хийн систем”-ийн сургалт зохион байгууллаа. Бельги Улсад болсон уг сургалтад Ховд аймаг дахь  БОЭТ-ийн инженер Т.Ариунзаяа оролцжээ.

 

Холбоотой мэдээ