Орон сууцны айлуудын усанд төмрийн агууламж стандарт хэмжээнээс их байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭДэлхийн усны өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн ИХГ-ын Итгэмжлэгдсэн лабораториос Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн ундны усыг үнэ төлбөргүй шинжилж, холбогдох заавар зөвлөмж өгчээ.
Тус арга хэмжээнд Сүхбаатар сумын гурван аж ахуй нэгж, нэг иргэний нийт дөрвөн ундны усны дээжинд 30 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн байна. Түүнчлэн Сүхбаатар сумын 2-р багт байрлах цэнхэр 5 давхрын 6 байрны 48 айлын ундны уснаас дээж авч аммони, нитрит, нитрат, хатуулаг үзүүлэлтээр зорилтот шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр дөрвөн айлын усанд төмрийн агууламж стандартад заасан хэмжээнээс их байгаа нь илэрсэн байна.
Дээрх ажлын хүрээнд итгэмжлэгдсэн хөрс, усны лабораторийн үйл ажиллагаа, итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт, айл өрхүүдэд хийсэн ундны усны шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлж, эерэг гарсан төмрийн үзүүлэлтийг чанарын шинжилгээгээр хийж, түүний хүний бие организмд үзүүлэх нөлөө, ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тус тус өгчээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг