“Цэгээр наадъя” технологийг аймагтаа бүрэн нэвтрүүлсэн баяраа тэмдэглэлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-05-31 12:43:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Цэгээр наадъя” технологийг аймгийнхаа хэмжээнд бүрэн нэвтрүүлснэрээ Сүхбаатар аймаг анхдагч боллоо. 2018-2019 оны хичээлийн жилд тус аймгийн 24 цэцэрлэгийн 3000 гаруй хүүхэд бүтэн жилийн турш цэгээр наадаж, хэрхэн хөгжиж дэвшсэнээ тайлангийн баяраараа харууллаа. Тайлангийн баярт шилдэг хүүхдүүдийн 700 гаруй бүтээлийг дэлгэжээ.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-тай хамтран дээрх технологийг нэвтрүүлсэн юм.  

Монгол Улсын хэмжээнд манай энэ технологийг салбарынхаа хэмжээнд бүрэн нэвтрүүлсэн хамгийн анхдагчаар Сүхбаатар аймаг болсныг цохон тэмдэглэмээр байна. Энэ бол хүүхдүүдийнхээ оюунд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Анх 2015 онд Баруун-Урт суманд зорилтот өрхийн 26 хүүхдэд зуны сургалт явуулж, энэ технологио нэвтрүүлж, анх туршиж байсан. Үүнээс дөрвөн жилийн дараа Сүхбаатар аймгийн цэцэрлэгийн бүх хүүхэд багачууд цэгээр наадаж сурч, цаашлаад олон амжилтуудыг гаргалаа. Хүүхэд бүрийн хөгжил дэвшлийг хараад үнэхээр баярлаж байна. Анхны сургалтаар хүүхдүүд зөвхөн байшин зурж байсан бол одоо Алтан овоогоо, хунгийн чуулганаа, найзуудаа, аав ээжийгээ гээд өөрсдөө шинээр бодож сэтгэж, танин мэдэхүйн ач холбогдолтой олон бүтээл зурсан байна. Ирэх хичээлийн жилээс цэгээр наадъя дэвтэр маань шинэчлэгдэж байгаа. Хоёр гараараа зэрэг бичдэг дэвтрийг гаргаад байна. Энэ нь хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг өндөр ач холбогдолтой. Сүхбаатар аймгийн хүүхэд багачууд, боловсролын салбарынхан энэ технологийг ч мөн амжилттай нэвтрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна гэж Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ын тэргүүн Ж.Хорлоо ярилаа.

Тайлангийн баярын үеэр өөрийн сум, цэцэрлэгтээ цэгээр наадах технологийг илүү амжилттай нэвтрүүлж, хүүхдүүдээ жигд хөгжүүлж чадсан, мөн бусдад өөрийн арга туршлагаа түгээн дэлгэрүүлсэн шилдэг 13 багш, удирдлагыг онцлох багшаар, цэгэн холбоосыг уран сэтгэмжээр холбож, шилдэг бүтээл зурсан 38 хүүхдийг бүтээлч хүүхдээр шалгаруулж ТББ-ын нэрэмжит шагналаар шагнав.

Баруун-Урт сумын долоодугаар цэцэрлэгийн багш Т.Мөнхцэцэг, Цэгээр наадъя, багачуудын зургийн дэвтрүүд нь хүүхдэд маш чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог. Энэ дэвтэртэй ажилласнаар хүүхдийн сэтгэн бодох чадвараас гадна хэл ярианы хөгжил нэмэгдэж, анхаарлаа төвлөрүүлэх, зөв сууж сурахад давхар суралцаж байдаг. Манай анги энэ хичээлийн жилд 28 хүүхэдтэй байлаа. Хичээлийн жил эхлээд л манай хүүхдүүд энэ дэвтэртэйгээ ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд энэхүү тайлангийн баярт анги бүлгээрээ шалгарч, бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэн бусдад танилцуулж байгаадаа баяртай байна.

Түвшинширээ сумын цэцэрлэгийн багш У.Эрдэнэзул, Миний хувьд анх 2015 оноос Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-тай хамтран ажиллаж, цэгээр наадах технологийг сумандаа анхлан нэвтрүүлсэн. Ганц бэлтгэл бүлэг гэхгүй гурваас дээш насны бүх хүүхдээ энэ дэвтэр дээр ажиллуулдаг. Ер нь хүүхэд багачууд цэгээр наадъя дэвтэр дээр ажиллах маш их дуртай байдаг. Өдөр өдрөөр шинийг зурж, сэтгэж байгаа хүүхдүүдээ хараад үнэхээр баярладаг. Мөн миний хувьд зөвхөн өөрийн сумын цэцэрлэгтээ энэ технологийг нэвтрүүлээд зогсохгүй хөрш зэргэлдээх сумдын цэцэрлэгийн багш, ажилчдад сургалт явуулж, арга туршлагаасаа хуваалцаж, хамтран ажилладаг хэмээн шилдэг багш нар сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Холбоотой мэдээ