Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-29 13:48:32

ОСЛО. /AFP/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрын төлөөлөгчид болон тус улсын сөрөг хүчнийхэн Норвегийн нийслэл Осло хотод хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ. Энэ тухай “Agence France-Presse” агентлаг талуудын яриа хэлэлцээний явцын талаар мэдээлэлтэй эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжлав.


Эх сурвалжуудын мэдээлснээр, хэлэлцээ даваа гарагт эхэлж, үдэш орой болтол үргэлжилжээ. Яриа хэлэлцээ дор хаяж лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд чухам хэдийд дуусах нь одоогоор тодорхойгүй байна. Хэлэлцэж буй асуудлууд, мөн хэлэлцээг ямар хэлбэрээр хийж байгааг эх сурвалжууд тодорхой дурдаагүй байна.


Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Ослод хийж буй хэлэлцээгээр Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуйдогийн тавьсан сонгууль явуулах шаардлагын талаар хэлэлцэж байгаа аж.


Улс орны хямралыг зохицуулахын тулд Засгийн газар сөрөг хүчний төлөөлөгчидтэй ямар ч асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж Мадуро даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр одоо Норвегид Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес, Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса болон Миранда мужийн захирагч Эктор Родригес тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид байгааг мэдээлсэн байна.


AFP агентлагийн мэдээлснээр, Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын гишүүн асан Херардо Блайд, сайд асан Фернандо Мартинес, Үндэсний ассамблейн /нэг танхимтай парламент/ дэд дарга Сталин Гонсалес, Үндэсний сонгуулийн зөвлөлийн дарга асан Висенте Диас нар багтжээ. Харин зуучлагчийн үүргийг Норвегийн дипломатч Даг Нюландер гүйцэтгэж байна. Тэрбээр 2016 онд Колумбын Засгийн газар болон хэт зүүний үзэлт босогчдын байгууллага болох “Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин”-ий хооронд хийсэн хэлэлцээнд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Уг хэлэлцээ Колумбын сөргөлдөгч талууд энхийн гэрээ байгуулснаар дууссан билээ. 


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн болон сөрөг хүчний удирдагч Хуан Гуйдогийн төлөөлөгчид тавдугаар сарын 16-нд Норвегийн нийслэл хотод тус улсад үүссэн улс төрийн хямралыг зохицуулах асуудлаар анх удаа хэлэлцээ хийсэн юм. 

Холбоотой мэдээ