Улс бүр ДНБ-ийхээ таван хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болох ёстой гэдэгт санал нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-28 13:59:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы “Эрүүл мэнд ба бусад асуудал” дугуй ширээний хэлэлцүүлэг өндөрлөв.


Энэхүү хэлэлцүүлгийг НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Рикардо Мисиано даргалав. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-лын гишүүн, Олон улсын парламентын холбооны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Саранчимэг санал хэллээ. Мөн Бүгд найрамдах Энэтхэг улс, Бүгд найрамдах Бангладеш ард улс, Бүгд Найрамдах Фижи Улсын парламентын гишүүд, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч нар хэлэлцүүлэгт оролцов.  


НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Рикардо Мисиано эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнээс орхигдож болох нийгмийн хэсэг буюу эмэгтэйчүүд, хүүхэд залуус, ДОХ-той хүмүүст үйлчилгээ хүргэх асуудлыг хөндсөн юм.


Дэлхий нийтийн болон НҮБ-аас тавьж байгаа эдгээр асуудлыг парламентын гишүүд бодлогын түвшинд шийдвэрлэх ёстой бөгөөд боловсролын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн боловсролыг бүх нийтэд хүргэх нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогч нар онцолж байв. Ялангуяа бага наснаас нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгох чухал хэмээж байлаа.


Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс 10 жилийн өмнөөс чихэрлэг ундааг бага насны хүүхдүүдэд өгөхийг хориглосон, Австралид хүүхдүүдэд ухаалаг утас хэрэглүүлэхийг хориглосон зэрэг шийдвэр үр дүнд хүрч, хүүхдүүдэд багаасаа эрүүл мэнддээ анхаарах чухал дадлыг суулгаж байгааг төлөөлөгч нар иш татсан юм.


Түүнчлэн Ази, Номхон далайн орнуудад парламентын гишүүд эрүүл мэндийн боловсролыг бүх  нийтэд хүртээмжтэй хүргэхийн тулд интернет, технологи, инновацийг дэмжиж, зайн оношлогоо, зөвлөгөөнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай хүмүүсийг хамруулах асуудлыг хөндөж, Засгийн газартаа дэмжлэг үзүүлэх ёстой хэмээж байв. Энэхүү салбар хуралдааны бүх төлөөлөгч орон бүр ДНБ-ий /дотоодын нийт бүтээгдэхүүний/ тав болон түүнээс дээш хувийг, эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болох ёстой гэдэгт санал нэгдэж байлаа. 

Холбоотой мэдээ