“Penguin random house” анх удаа монгол зохиолчийн ном хэвлэнэ

Монгол Улсын тухай | Нийгэм
khandmaa@montsame.gov.mn
2019-05-18 13:32:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зохиолч, нийтлэлч Д.Төрмөнхийн 2015 онд бичсэн “Миний мэдэх женко Баттулга”  ном англи, орос  хэлээр орчуулагдсан билээ. Саяхан  зохиолчтой "Penguin random house" компани “Санкара” эссэ роман болон “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” номыг нь англи, хятад хэлээр хэвлэн дэлхий дахинд түгээх гэрээ байгуулжээ.

Х.Баттулга хэрхэн сонгуульд ялж ерөнхийлөгч болсон, одоо явуулж буй үйл ажиллагааны нь тухай нэмж бичих хүсэлтийг "Penguin random house"-ын Сингапур дахь салбарын хариуцлагатай нарийн бичгийн дарга Нора Назарене зохиолчид тавьжээ. Тэр ёсоор, Д.Төрмөнх нэмэлт бүлэг бичиж хүлээлгэн өгсөн байна. 

Гэрээнд заасны дагуу “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” ном энэ оны сүүлээр, “Санкара” эссэ роман ирэх оны эхээр дэлхий дахины уншигчдын хүртээл болох аж. Эхний ээлжинд ном тус бүрийг хоёр хэлээр  20 000 хувь хэвлэх аж.


Penguin Random House (PRH) анх 1800 оноос Британид үүссэн домогт компани бөгөөд эдүгээ АНУ-ын давуу эзэмшилтэй энэ компани Британийн  Pearson plc, Германы хэвлэл мэдээллийн  Bertelsmann компаниуд хувьцааг нь хамтран эзэмшдэг үндэстэн дамнасан групп юм.

2013 оны байдлаар, "Penguin Random House" компани дэлхий даяар 10 000 орчим ажилтантай, 250 салбар нэгжтэй, жил бүр 15 000 нэр төрлийн ном хэвлэж 800 сая ном борлуулдаг гэсэн мэдээ буй.                                                                                                                                                                                                                          Д.Төмөрхуяг