Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны хоёрдугаар хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-28 12:08:08

Зам, тээврийн сайд М.Зоригт 2016 оны 3 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд БНСУ-д айлчилж, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны хоёрдугаар хуралдааныг даргаллаа.

Хуралдаанаар хоёр орны эдийн засаг, зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүдэд БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалтыг татах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд М.Зоригт БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд Кан Ху Ин, Далай тэнгис, загас агнуурын сайд Ким Ён Шигтэй тус тус уулзаж, Монгол Улсын Зам, тээврийн яам, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд тээврийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтарсан хороо нь Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чухал ач холбогдолтой механизм болно.

Холбоотой мэдээ