Б.Отгонсүх: Нийтийн тээврийн автобус паркыг 2020 онд ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-15 20:29:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд барих “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын “Нийтийн тээврийн автобус парк” төслийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.



Ёслолд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа болон бусад холбогдох албаны хүмүүс, нийтийн тээврийн үйлчилгээний газрын ажилчид оролцов.



Шав тавих ёслолыг нээж нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ, “Сүүлийн 20 гаруй жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр ийм бүтээн байгуулах ажил хийгээгүй. Одоогоор нийслэлийн тээврийн салбарт 1000 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Бид бүхэн эхний ээлжийн 110 автобусны багтаамжтай паркийн шавыг тавьж байна. 2020 он гэхэд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөсөн. Цаашид нийтийн тээврийн үйлчилгээний салбар бүх автобусаа хяналтын камертай болгож, дүрсийг нь удирдлагын төвөөсөө онлайнаар хянадаг байх, байгальд ээлтэй эко автобусаар парк шинэчлэх ажлыг үе шаттай хийнэ” гэв.


Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон, "Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны ажлын хөтөлбөрт “Нийтийн тээврийн парк шинэчилж, иргэдийн хэрэгцээнд нийцсэн шинэ чиглэл бий болгоно”, мөн “Нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй технологид шилжүүлж, эко автобус, троллейбусыг нэмэгдүүлнэ” гэж заасан. Дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр нийслэл хотын түүхт 380 жилийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан тодорхой ажлыг хийж байна. Энэ хүрээнд, өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 4.7 га газарт 11 барилга, түүний дэд бүтцийн байгууламжийг шинээр барих барилга эхэллээ” гэлээ.


“Нийтийн тээврийн автобус парк” төслийн хүрээнд нийт 11 барилга, түүний дэд бүтцийн байгууламж, барилгыг барихаар төлөвлөснөөс ноднин таван тендер зарлан гүйцэтгэгч компаниуд гэрээгээ байгуулсан байна. Эхний ээлжинд уурын зуухны барилга, агуулах, шатахуун түгээх станц барих аж. Цаашид оношилгооны төв, иргэдэд үйлчлэх төв, харуулын байр, угаах цех, кузов засвар, засвар үйлчилгээний төв, автобусны дулаан гараашын барилга, байгууламжийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ