Дархлаажуулалтын 10 хоног “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор эхэллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-05-15 17:16:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 26 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн ээлжит дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн ёслол нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд өнөөдөр боллоо.


Нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар оролцож үг хэлэв. 
Эрүүл мэндийн  сайдын тушаалаар энэ хаврын дархлаажуулалтын 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэж Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймгийн болон нийслэлийн 10-18 насны хүүхдийг Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон. Нэмэлт дархлаажуулалтад хамруулснаар энэ насны хүүхдийг улаанбурхан, улаанууд өвчнөөс хамгаалах юм.

Нээлтийн ёслолын үеэр хүүхэд, эцэг эхчүүдэд дархлаажуулалтын талаар өртөөчилсөн мэдээлэл өгч, хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ. Мөн нэмэлт дархлаажуулалтад зорилтот насны хүүхдийг идэвхтэй хамруулахыг уриалж байна.


Холбоотой мэдээ