Төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг" сумдад болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-15 16:00:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн ажлын хүрээнд төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг хөдөөгийн иргэдэд ойртуулан сум бүрт зохион байгуулж байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн хэмжээнд энэ сарын 14-ний өдрөөс эхлэн аймгийн удирдлагуудаар ахлуулсан дөрвөн ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм.

“Тогтвортой амжиргаа-3” төслөөс хэрэгжүүлж буй Орон нутгийн хөгжлийн сангийн санал хэлэлцэх, эрэмбэлэх, Багийн иргэдийн нийтийн хуралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний үр ашгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд дээрх ажлыг өрнүүлж байгаа аж.

Өдөрлөгийн хүрээнд иргэд төрийн бүх үйлчилгээг сум орон нутагтаа шуурхай авах боломжоор хангагдахын зэрэгцээ иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл олгож, орон нутгийн өмчийн байгууллагуудад үндсэн хөрөнгийн үзлэг тооллого хийж дүгнэлт гаргах, “Сум хөгжүүлэх сан”-ийн хөрөнгө бүрдүүлэлт, зарцуулалт, хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдалд үзлэг хийж бодит байдалд дүгнэлт өгөх ажлууд давхар хийх юм байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ, ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, БОАЖГ, Улсын бүртгэлийн хэлтэс, ГХБХБГ, ХХААГ, Мал эмнэлгийн газар, УЦУОША-ны холбогдох мэргэжилтнүүд багтсан бөгөөд өөрсдийн хариуцсан чиглэлээрээ иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэн, мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллаж байгаа аж.

Төрийн байгууллагуудын нэгдсэн "Нээлттэй хаалганы өдөрлөг" сум бүрт хоёр хоног үргэлжилнэ.

Холбоотой мэдээ