Трамп: БНАСАУ хэлэлцээ хийхэд бэлэн биш байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-10 10:55:10

ВАШИНГТОН. /CNN/. БНАСАУ долоо хүрэхгүй хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа пуужин харвасны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордноос пүрэв гарагт мэдэгдэл хийжээ.


“Тэд хэлэлцээ хийхэд бэлэн биш байгаа бололтой” гэж Д.Трамп хэлсэн байна. Мөн тэрбээр БНАСАУ-ын сүүлд явуулсан туршилтын талаар хэлэхдээ, “Бид одоо маш нухацтайгаар ажиглаж байна. Үүнийг хэн ч таатайгаар хүлээж авахгүй” гэжээ.


Пүрэв гарагт БНСУ-ын зэвсэгт хүчнээс мэдээлснээр, БНАСАУ ойрын тусгалт пуужингууд хөөргөсөн ажээ. БНАСАУ мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэд хэдэн шинэ зэвсгийн систем туршсан юм. Ташрамд дурдахад, БНАСАУ-ын төлөөлөгчид 2017 оноос хойш анх удаа пуужин хөөргөх туршилт хийснээ албан ёсоор мэдэгдсэн байна. 


Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээнд төдийлөн ахиц дэвшил гараагүй юм.

Холбоотой мэдээ