Нотариатын ажил эрхлэх насны дээд хязгаарыг 70 байхаар тогтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-08 18:27:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Х.Нямбаатар танилцуулав. Тэрээр, ажлын баг энэ сарын 6-нд хуралдаж, төсөлтэй холбогдуулан гаргасан саналуудыг нэгтэн томьёолсон тухай танилцуулав. Тухайлбал, төслийн зарим нэр томьёог Нотариатын тухай хууль болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэхээр тусгасан байна. Мөн нотариатын ажил эрхлэгчийн насны дээд хязгаарыг 70 байхаар тогтжээ. Мөн нотариатчийн мэдээллийн цахим сан бүрдүүлэх, түүний мэдээлэл хүлээн авах, хадгалах, ашиглах болон архивын аюулгүй байдлыг хангах журам боловсруулжээ. Түүнчлэн нотариатчийн бүрдүүлсэн баримт бүхий мэдээллийн санг архивт шилжүүлэх, хадгалахтай холбоотой журмыг тус тус хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулжээ. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нотариатчийн ажилд хяналт тавих, дүгнэх, хариуцлага тооцох эрхтэй байхыг нэмж тусгасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шижлүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилдэг байх зэрэг зарчмын зөрүүтэй саналын 11 томьёоллыг нэгтгэн боловсруулсан болохыг танилцууллаа. 


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Учрал нар асуулт асууж, хариулт авлаа. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураан шийдвэрлэв. 


Дараа нь Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав. Гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


Мөн хуралдаанаар, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамтад нь өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэнгүй. Ийнхүү санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, батлах нь зүйтэй хэмээн үзжээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ