УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-08 08:20:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт эхэлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХЭҮК-ын 18 дахь илтгэл, Захиргааны ерөнхий хууль, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэх юм.


Харин 11.00 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, “Орон сууцжуулах хөтөлбөр”-т багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хамруулах талаар БХБ-ын сайдын мэдээллийг сонсох аж.


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 12.00 цагт хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох талаар хэлэлцэнэ. Үдээс хойш буюу 14.00 цагт Өргөдлийн байнгын хороо хуралдаж, Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонсохоос гадна Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ