Соёл, спортын салбарынханд 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Уран бүтээлчдийн аялан тоглолт, тамирчдын улс болон бүсийн чанартай тэмцээн уралдаан, хөдөө орон нутагт үзүүлэх соёлын үйлчилгээг хэвийн явуулахад автомашины хэрэгцээ шаардлага тогтмол гардаг. Тус асуудлыг шийдвэрлэх үүднээс Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр, БТСГ, Боксын холбоог нийт 60 сая төгрөгийн өртгөөр унаатай болголоо.
Аймгийн удирдлагууд автомашинуудыг тухайн салбарынханд гардуулах үеэрээ "Цаашдаа үйл ажиллагаа нь улам сайжирч, оролцох тэмцээн уралдаандаа өндөр амжилт гаргаж соёл, спортыг орон нутагтаа эрчимтэй түгээн дэлгэрүүлээрэй" гээд сэтгэл зүтгэлтэй, хариуцлагатай ажиллахыг даалгав.
Аймгийн ХДТ-т альфард, старекс автомашиныг олгосон бол, приус-30, старекс автомашиныг БТСГ-т, альфард маркын автомашиныг Боксын холбоонд тус тус хуваарилжээ.
Сонирхуулахад, тун удахгүй таван сумын соёлын төвийг автомашинтай болгох бол үйл ажиллагаа сайтай спортын холбоодоо шат дараатайгаар унаа тэрэгтэй болгох бодлогыг баримтлан ажиллаж байгаа аж.