Хоморголон устгалтад өртсөн еврейчүүдийн дурсгалыг хүндэтгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕЛЬ-АВИВ. /TASS/. Холокост буюу хоморголон устгалтад өртөж амь үрэгдсэн еврейчүүдийн дурсгалыг хүндэтгэж, Израил улсад пүрэв гарагт түгшүүрийн дохиог хоёр минут дуугаргалаа. Орон нутгийн цагаар 10 цагт тээврийн бүх хэрэгслүүдийн хөдөлгөөнийг зогсоож, нэг минут чимээгүй зогсож хүндэтгэл үзүүлсэн байна.
Түгшүүрийн дохио дуугаргасны дараахан Дэлхийн хоёрдугаар дайны үед фашист германчуудын гарт амь үрэгдсэн 6 сая еврей хүний дурсгалд зориулсан арга хэмжээнүүд эхэлжээ. Дунд сургуулиудад еврейчүүдийг хоморголон устгасан тухай түүхийн хичээл орж, залуус орон даяар эх оронч хөдөлгөөн өрнүүлсэн байна. Иерусалим хотын Холокост судлалын музей-судалгааны Яд Вашем төвд фашист Германы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Варшавын бослогод оролцогчдод зориулсан хөшөөнд цэцэг өргөх ёслол болжээ. Үүний дараа Иерусалим хот дахь Кнессет буюу парламентын Шагал танхимд “Хүн бүрд дуудах нэр бий” ёслолын арга хэмжээ болсон байна. Уг арга хэмжээний үеэр хоморголон устгалтад өртсөн еврейчүүдийн нэрийг чанга уншжээ.
Европын еврейчүүдийн гамшиг ба баатар зүтгэлийн өдөр буюу үндэсний гашуудлын өдрийг Израилд нацист германчуудын гарт амь үрэгдсэн еврейчүүдийн дурсгалд зориулж, мөн Варшав хотын еврей иргэдийн бослого /1943 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 16/ гарсан өдөрт зориулан тэмдэглэдэг байна. Энэ жил дурсгалын арга хэмжээг “Дайн доторх дайн-Холокостын үеэр амьд үлдсэн еврейчүүдийн төлөөх тэмцэл” уриан дор зохион байгуулж байгаа аж.
Гамшиг ба баатар зүтгэлийн өдрийг еврейн он тооллоор нисан сарын 27-нд тэмдэглэдэг байна. Энэ жил энэ өдөр тавдугаар сарын 2-ны пүрэв гарагт тохиож байгаа аж. Лхагва гарагийн орой Иерусалим хотын Яд Вашем цогцолборт дайны үеэр амь үрэгдсэн 6 сая еврейчүүдийг бэлгэдэж, зургаан бамбар асаажээ. Галт бамбаруудыг асаахад Израилын удирдлагууд оролцсон байна.