"Гоулдмэн"-ий шагналыг Ази тивээс А.Баяржаргал хүртжээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-01 20:20:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Гоулдмэн"-ий нэрэмжит байгаль орчны шагналыг Ази тивээс Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал хүртлээ. АНУ-ын Сан Франциско хотод Дайны Дурсгалын  Дуурийн Театрын байранд шагнал гардуулах ёслол өнгөрсөн сарын 29-нд болсон юм. 


"Гоулдмэн" байгаль орчны сангаас санаачилж бий болгосон дэлхийн байгаль, орчныг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тив тивийн манлайлагч нарт жил бүр олгодог олон улсын нэр хүнд бүхий дээрх шагналыг 30 дахь жилдээ хүртээжээ. 


Тус шагналд Хойд Америкаас Л.Гарсиа, Африкаас ноён А.Браунэлл, Өмнөд ба Төв Америкаас ноён А.Курамил, Европ тивээс ноён А.Лесоска болон Австрали ба Номхон далайн бүсээс ноён Ж.Эванс нар тус тус шалгарчээ.



Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг тусгай хамгаалалтад авах үйлсийг санаачилсан. Түүнчлэн тус газарт нутагладаг цоохор ирвэсийн амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн үгүй болох, улмаар  бүрмөсөн устах аюул нүүрлэснийг олон нийтийн анхааралд хүргэсэн. Тэр дундаа, уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан компаниудын эсрэг уйгагүй хөөцөлдөж тэмцсэний үр дүнд байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ахуйн нэгжийн 37 ширхэг лицензийг цуцлуулж, энэ бүсийг байгалийн нөөц ангиллаар нь улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрүүдийг гаргуулсан байна. Иймд А.Баяржаргалын гаргасан энэхүү идэвх зүтгэл, гавьяа хөдөлмөрийг нь үнэлж  "Гоулдмэн"-ий нэрэмжит олон улс дахь нэр хүндтэй шагналын эзнээр тодруулжээ. 


Шагнал гардуулах ёслолд "Гоулдмэн" байгаль орчны сангийн Дэд ерөнхийлөгч Д.Гоулдмэн, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан А.Гор нар оролцжээ. Мөн Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар /ЕКГ/-ын төлөөлөл, болон тус улсад оршин суугаа монгол иргэд, Байгаль орчин ба байгалийн баялгийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд зэрэг нийт 3000 гаруй хүн оролцсон байна.


Ирвэс Хамгаалах сан нь 2007 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд нэн ховор ангилалд бүртгэгдсэн цоохор ирвэс, түүний идэш тэжээлийг хамгаалах, улмаар энэ ажилд нутгийн ард иргэдийг татан оролцуулах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг ТББ байгууллага юм.


Дашрамд дуулгахад, 2007 онд манай улсаас “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр уг шагналыг хүртэж байсан байна.

Холбоотой мэдээ