Помпео: Мадуро Венесуэлийг орхин гарахад бэлэн байсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-01 12:09:57

НЬЮ-ЙОРК. /TASS/. Мягмар гарагт буюу дөрөвдүгээр сарын 30-нд Николас Мадуро Куба улс руу зугтан гарахаар төлөвлөж байсан боловч ОХУ-ын эрх баригчид түүнийг ятгасан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео телевизийн “CNN” сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.


“Мадурогийн бэлдсэн нисэх онгоц хөөрч, буух зурваст бэлэн байсан, тэр мягмар гарагийн өглөө Венесуэлийг орхин гарах гэж байсан боловч, бидний ойлгож байгаагаар оросууд түүнийг үлдэхийг ятгасан” гэж Помпео хэлжээ. Мадуро Куба руу зугтан гарахаар зэхэж байсан тухай мэдээлэл АНУ-ын эрх баригчдад бий гэдгийг тэрбээр цохон хэлсэн байна. 


“Мадуро кубачуудаар тойрон хүрээлүүлж, оросуудын дэмжлэгийг авч байна гэдгийг АНУ-ын эрх баригчид удаа дараа ярьж байгаа” гэж Помпео мөн онцлон хэлжээ. 


Венесуэлийн “засгийн эрхийг булаан авсныг эцэс болгохын тулд” жагсахыг цэргийнхэнд уриалсан дүрс бичлэгийг Гуайдо мягмар гарагт “Twitter” хуудсандаа нийтэлсэн юм. Түүний хэлснээр, дүрс бичлэгийг Каракас хот дахь Франсиско Мирандагийн нэрэмжит нисэх хүчний баазын нутаг дэвсгэрт авсан байна.


Үүний дараа Венесуэлийн нийслэл хот болон бусад хотод Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болсон юм. 

Холбоотой мэдээ