Тавантолгойн цахилгаан станцыг 2023 онд бүрэн ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-30 19:15:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонслоо


Засгийн газраас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжаалах, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний ордын 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжаалах замаар тус ордын үнэ цэнийг өсгөж,  дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолыг баталсан гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар байнгын хорооны хуралдаанд танилцуулав.


Тэрбээр, "Үнэт гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулж байна. Энэ оны 2 дугаар улиралд багтан олон улсад хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, татварын асуудлаар дүгнэлт гаргах компаниа сонгон шалгаруулна. Тавантолгой ордыг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэр байгуулж, түүнийг хангах эрчим хүч, усан хангамжийг шийдвэрлэх талаар үе шаттай судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулж байна" гэлээ.


Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, "Өмнийн говийн уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг дэмжих Мандалговь-Улаанбаатар 350 квт-ын өндөр хүчдэлийн шугамын ажил дуусөж байгаа. Үүний үр дүнд төвийн бүсээс Тавантолгой, Оюутолгой руу эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн Тавантолгой ордыг түшиглэсэн 300 мегаваттын цахилгаан станц барих, барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сард эхлүүлж, 2023 оны 6 дугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна" гэлээ.


Мөн үеэр ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын хүрээнд тавих “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын авто зам” төслийн талаар танилцуулав. Энэхүү авто замын төслийг концессын “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр 2017 онд Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэж тусгажээ. Төслийн концессын шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулсны дүнд “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” гэрээг энэ оны гуравдугаар сарын 29-нд байгуулжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 412.6 сая ам.доллар, хугацаа 14.5 жил байна гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан цохон тэмдэглэв.


Тэрбээр, "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэхээр “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс-Тавантолгой” компани хамтран “Тавантолгой төмөр зам” компани байгуулсан. Энэхүү компанийн үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхийг “Эрдэнэс-Тавантолгой”-д даалгаад байна. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг зэвсэгт хүчний албан хаагчдаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН тус төмөр замын дээд бүтцийг, “Монголын төмөр зам” ТӨХК ерөнхий гүйцэтгэгчээр,  Зэвсэгт хүчний жанжин штаб доод суурь бүтцийг байгуулахаар шийдвэрлэн, ажиллаж байгаа" гэв. 


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай тохиолдолд УИХ-ын холбогдох тогтоолд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг дурдаж байв. Хийж хэрэгжүүлж буй ажлуудыг үр дүнтэй болгоход анхаарахыг гишүүд хэлж байлаа. Мөн байнгын хорооноос 3 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов.

Холбоотой мэдээ