“Нутгийн минь хишиг” шашин урлагийн цэнгүүн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 13:39:09

Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд нь 2013 оноос хойш тасраад байсан Нутгийн минь хишиг шашин урлагийн цэнгүүнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Нутгийн минь хишиг цэнгүүнд Улаанбаатар хотод сурч ажиллаж амьдарч байгаа нутгийн уугуул суугуул иргэд оролцож, нутаг усныхаа тухай дуу хуурыг сонсож, давхар бурханы номыг даган баясдаг. Аав ээж, ах дүү, гэр бүлээрээ цэнгүүнийг хүмүүс маш ихээр зорин ирдэг юм.

Цэнгүүнд 13 сумын сүм хийдүүдийн лам хуврагууд оролцож, тахилга шүтлэгт уул овоо, ус булгийн сан тахилгыг уншин буян хишгийн даллага авна. Мөн хүмүүний 5 хүслийн ном уншиж, нийтээрээ дүнчүүр маани хөгжөөх, урлагийн тоглолтууд гээд олон үйл явдал болох юм. Цэнгүүн 2016 оны 4 сарын 2-ны 18 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.

Тус цэнгүүн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг байсан хэдий ч 2013 оноос хойш тасраад байсан бөгөөд ийнхүү гурван жилийн дараа дахин болохоор болжээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ