Чингис хотынхны дунд эко орчин бүрдүүлэх аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-27 18:47:57

Хэнтий /МОНЦАМЭ/ Чингис хотын айл өрх, иргэн бүр хашаандаа тохилог амьдрах нөхцөлөө бүрдүүлж, эрүүл төмс, хүнсний ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэн, байгууллага аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн орчноо тохижуулан хотын орчны тоосжилт бохирдолтыг бууруулах зорилготой аянг зарлалаа.

Хэрлэн сумын ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй тус аяныг Чингис хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллагууд, гэр хорооллын болон орон сууцны айл өрхүүдийн дунд явуулна.

"Аяны хүрээнд өрх, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна. Мөн тохижилтын ажил хийхэд шаардлагатай мод, бут, жимсний суулгац, мандлын болон тасалгааны цэцэг, эко ОО-ийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг холбогдох аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна" гэдгээ Хэрлэн сумын ЗДТГ-аас мэдэгдлээ.

Аянд хамрагдах айл өрх харъяа баг дээрээ очиж бүртгүүлэх бөгөөд аянд нэгдсэн өрхүүд

1. Мод,бут тарих 
2. Өөрийн хэрэглээндээ тохирсон хүнсний ногоо тариалах 
3. Мандал хийж цэцэг тарих 
4. Сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай цөөрөм зэргийг төлөвлөх 
5 Эко 00, хог ангилах саваа шийдвэрлэх талаар санаачилга гаргах зэрэг ажлуудыг хашаандаа хийсэн байх ёстой гэнэ.

”Манай хашаа-миний орчин” эко орчин бүрдүүлэх аяныг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр эхлүүлж, жил бүр дүгнэн 2020 оны есдүгээр сар хүртэл үргэлжлүүлэх аж.

Холбоотой мэдээ