Абэ: Трамп хулгайлагдсан иргэдийн асуудлаар хамтран ажиллахаа амласан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар хамтран ажиллах амлалт өгсөн" гэж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.
Талууд мөн Япон-АНУ-ын худалдааны
шинэ хэлэлцээрийн талаарх хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Баасан гарагт
Цагаан ордонд болсон Ш.Абэ, Д.Трамп нарын уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн
байна.
Дээд хэмжээний уулзалтын дараа Ш.Абэ сэтгүүлчдэд мэдээлэхдээ, бид БНАСАУ-тай холбогдолтой асуудлуудыг хэрхэн урагшлуулах талаар нухацтай хэлэлцсэн гэжээ. Мөн тэрбээр АНУ-БНАСАУ-ын удирдагчид хоёр дахь уулзалтынхаа үеэр хулгайлагдсан иргэдийн асуудлыг хэрхэн хэлэлцсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авсан ажээ.
Японы Ерөнхий сайдын хэлснээр, энэхүү асуудлыг шийдэхийн тулд тэрбээр Ким Жөн Унтай уулзах бөгөөд энэ чиглэлд хамтран ажиллана гэдгээ Д.Трамп илэрхийлсэн ажээ. Үүний зэрэгцээ талууд АНУ-тай хийх худалдааны хэлэлцээг хариуцсан Японы сайд Тошимицү Мотэги, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нарын хийж буй хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.
“Ирэх тавдугаар
сарын 1-нд Рэйвагийн эрин эхэлсний дараа Японд төрийн айлчлал хийх гадаадын
орны анхны удирдагч Д.Трамп болно” гэж Ш.Абэ хэлжээ. Энэхүү айлчлал нь
хоёр орон бат бөх харилцаатай хийгээд шинэ эринд олон асуудлаар хамтран ажиллахыг дэлхий дахинд харуулах боломж болно гэж тэрбээр
нэмж хэлжээ.