Б.Баттөмөр: Гадаадад ажиллаж буй монгол эрдэмтдийг эх орондоо татах хэрэгтэй

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-04-25 19:34:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Эрдэм шинжилгээний байгууллагууд судалгааны үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагаас судалгааны ажлын онол, арга зүйн түвшин буурах, оюуны болон материаллаг нөөц хомсдох, боловсруулалтын ажлын чанар, эдийн засаг, нийгмийн үр өгөөж буурч байгаа юм. Тиймээс уг салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, гадаад орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулав. Хуулийн төсөлд “Шинжлэх ухаан, технологийн ажиллагаа”, “судалгаа хөгжүүлэлтийн ажил”, “шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ”, “судалгааны ажлын үндсэн чиглэл” гэсэн нэр томьёоллыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр тодорхойлж, хуулийн төслийн заалтуудад тусгажээ. Мөн шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор яам, аймаг, нийслэл Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор гэрээт ажил, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн тусгай мэдлэг шаардлагатай эрүү, иргэн, захиргааны хэрэгт шинжээчээр ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Зарчмын хувьд энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, тус хуулинд өөрчлөлт оруулах хэд хэдэн шаардлага байгааг хэлэв. Тэрбээр, “Шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгох, төр засгаас дэмжих гээд олон асуудалд хариулт хэрэгтэй болно. Мөн эрдэм шинжилгээний байгууллагад нэмэлт орлого олох боломжийг зохицуулж өгөх хэрэгтэй. Түүнчлэн хувийн хэвшлийг дэмжих төсвийн бус санхүүжилтийг хуульчилж өгөх асуудлыг тусгах нь зүй. Гадаадад үр бүтээлтэй ажиллаж байгаа монгол эрдэмтдийг эх орондоо татах зохицуулалт тусгах шаардлага бий. Энэ хуулийн төслийг боловсруулах байнгын хорооны ажлын хэсэгт Ё.Баатарбилэг сайд болон миний бие багтсан. Хуулийн төслийг боловсруулах явцад хэд хэдэн судалгааны материал хүлээгдэж байсан ч Ё.Баатарбилэг БСШУС-ийн сайд болсноор Засгийн газраас өргөн мэдүүлчихсэн. Тэгэхээр гурван жилийн хугацаанд хийсэн судалгааны ажлыг зүгээр хаях уу, хамтатгаад хэлэлцэх үү. Энийг тодруулмаар байна” гэлээ.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Байнгын хороо хуулийн хэрэгжилтийг боловсруулах ажлын хэсэг байгуулж миний бие ахалсан. Хоёр жил гаруй хугацаанд олон хүрээлэн, шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэдтэй хэд хэдэн удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хүрээнд шинжлэх ухааны салбарт тулгамдсан асуудлыг нэгтгэж, байнгын хороогоор оруулж, шинжлэх ухааны салбарын талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргуулсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг засгийн газарт удаа дараа танилцуулж байсан. Тодорхой нэр бүхий гишүүд хамт боловсруулсныг ч танилцуулсан. Үүнийг миний бие биш, гишүүд өргөн барьсан гэж ойлгодог. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг шийдсэний дараа байнгын хорооны даргатай зөвлөлдөж, хоёр төслийн хамтарсөн ажлын баг гаргах боломжтой гэсэн байр суурьтай байна. Нэгэнт бэлэн болоод, өргөн барьсан хуулиа хэлэлцээд явах нь зүйтэй” гэлээ.


Дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг санал хураан шийдэх ёстой ч 18.40 цаг болсон тул маргаашийн чуулганы эхэнд санал хураахаар болов. Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан хаалаа.

Холбоотой мэдээ