Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-24 17:32:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхдугаар зөвлөгөөн энэ сарын 23-ны өдөр Өлгий хотноо боллоо.

Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Норвегийн тусламжийн байгууллага хамтран зохион байгууллаа.

Зорилтот бүлгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд тулгарч буй асуудлуудыг сонсох, хүүхдүүдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах, тэднийг нийгмийн үйлчилгээнд хамруулах боломж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой зөвлөгөөнд иргэд, орон нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагыг төлөөлөн 70 гаруй хүн оролцсон байна.

"Норвегийн тусламжийн байгууллага Ховд болон Баян-Өлгий аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих зорилгоор судалгааны төслийг өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо, зэрэглэлийг гаргаж ирэх юм. Мөн энэ удаагийн зөвлөгөөнөөр эцэг эхчүүдийн саналыг авсан байгаа. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дугуйлан зохион байгуулах, хүүхдээ харж ажил хийж чадахгүй байгаа хүмүүсийг орлоготой болгох арга хэмжээ авах, түнхний мултралттай хүүхдүүд асаргааны мөнгө авч чадахгүй байгаа тул холбогдох журамд өөрчлөлт оруулах зэрэг саналуудыг хэлсэн. Бид дээрх саналуудыг нэгтгэж эрх бүхий газруудад хүргүүлнэ" гэдгийг аймгийн ГХЗХГ-ын дарга Т.Нансалмаа хэллээ.  

Холбоотой мэдээ